Монгол Улсын Ерөнхийлөгч цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргалаа

 In Цаг үеийн мэдээ

Шинэ коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах үүднээс цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх маш чухал санал гаргасан.

Эрүүл мэндийн сайдын саналыг Улсын онцгой комиссын хурлаар дэмжиж, сар шинийн баярыг бүх нийтээрээ тэмдэглэхгүй байх албан ёсны шийдвэрийг гаргаж, ҮАБЗ-д санал хүргүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зарлиг гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зарлигт:

1.Дэлхийн олон улс болон манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан 17 дугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авахыг Засгийн газарт чиглэл болгосугай. Үүнд:

1.1Шинэ коронавирусын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хуулийн Аравдугаар зүйлийн 10.1 дэх заалтад заасан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттайгаар сонгон хэрэгжүүлэх шийдвэр гаргах.

1.2Олон улсын хөл хориот болон халдварт бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед тархаахгүй байх, таслан зогсоох зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай журамлаж, мөрдүүлэх.

1.3 Цагаан сарын баярт зориулсан олон нийтийг хамруулсан үзэсгэлэн худалдаа, мэдээллийн хэрэгслээр явуулах реклам сурталчилгааг даруй зогсоох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх иргэдийн үүрэг, хариуцлага, уг халдварын хор хөнөөлийг ухуулан ойлгуулах ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах.

1.4Дэлхий дахинд хүнээс хүнд, мал, амьтнаас хүнд халдварлах халдварт өвчин ихээр тархах болсонтой холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай, Эрүүл мэндийн тухай болон бусад хууль тогтоомжийг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын чуулган, шаардлагатай бол ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцүүлэх.

2.Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүргээ ухамсарлан, нийтийн эрх ашгийг эрхэмлэхийг нийт ард иргэдэд уриалсугай гэжээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt