Танилцуулга
Тус газар нь Засгийн газрын 2005 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нэртэйгээр байгуулагдсан.
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1059 дүгээр захирамжаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар гэж өөрчлөгдөн 5 хэлтэс, 30 албан хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн чиг үүрэг
ЗАХИРГАА, ТӨЛӨВЛӨЛТ, САНХҮҮГИЙН ХЭЛТЭС:Газрын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, байгууллагын үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, дээд газрын тогтоол шийдвэрийн биелэлтийн хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, хүний нөөцийн удирдлагаар хангах, сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, зохион байгуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, захирамжлалын болон бодлогын баримт бичгийг хуульд нийцүүлэн боловсруулах, хяналт тавих, өргөдөл гомдол санал хүсэлтийн шийдвэрлэлтэд хяналт тавих, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй ажиллана.
Төслийн хэрэгжилт, зохицуулалтын хэлтсийн чиг үүрэг
Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай харилцаа холбоо, мэдээллийн технологийн төслүүдийг санаачлан боловсруулах, төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх, төслийн уялдаа холбоог хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй ажиллана.
Технологи, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн чиг үүрэг
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх мэдээллийн системүүдийн техникийн даалгаварыг боловсруулах, энтерфрайз архитектур загварчлалыг гаргах, хөгжүүлэх, нэвтрүүлсэн програм хангамж, системүүдийн байнгын хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих чиг үүрэгтэй ажиллана.
Цахим шилжилт зохицуулалтын хэлтсийн чиг үүрэг
Тогтвортой хөгжил (нийгэм, эдийн засаг, байгаль орчин)-ийг мэдээллийн технологиор дэмжих, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа, холбоог хангах, цахим засаглалын хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, программ хангамжийн хөгжил, төрийн үйлчилгээнд инновац нэвтрүүлэх, нэгдсэн бодлого төлөвлөлттэйгөөр хэрэгжүүлэх, нээлттэй өгөгдлийн тогтолцоо бүрдүүлж, эргэлтэд оруулах, цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл, хяналтын тогтолцоог бий болгох ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтсийн чиг үүрэг
Нийслэлийн төр захиргааны болон харьяа байгууллагуудын мэдээллийн технологийн чиглэлээр шинээр нэвтрүүлж байгаа телехяналтын систем, хяналтын камерын техникийн даалгавар боловсруулах, нийслэлийн дата төв, нэгдсэн сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад холбоо, дохиолол, интернэт, дотоод сүлжээ, сервер системийн дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, шинэлэг техник, технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана.