Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2019 оны зургаадугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд Энхтайвны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа эрхэлж буй 32 аж ахуйн нэг байгууллагуудын нийт 45  хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгасан. Мөн нийтийн эзэмшлийн 98.3 га, шинэ тарилтын мод сөөгний ургалтыг сайжруулах, модлог ургамлын өсөлт хөгжилтийн үе шат бүрт, шилжүүлэн суулгасан нарс модонд 2.509 дуслын шингэн, 225 кг микоризын бордоо, 5 тн холимог бордоо, 9.2 тн азофос амьд бактерийн бордоо хийгээд байна. “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зургаадугаар сарын 29-ний бямба гарагт зарлаж гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамлыг цэвэрлэж оролцлоо. Нийслэлээс зарласан хурал уулзалтанд оролцсон удирдлагуудын ирцийг UB ERP дотоод удирдлагын системээр бүртгэх боломжийг бүрдүүлж ажилласан бөгөөд хурлын ирцийн бүртгэлийг QR код уншуулан бүртгэх шийдлийн, хөгжүүлэлт техникийн даалгаврыг боловсруулах ажлууд хийгдэж байна. “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/151 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ, НМХГ, НЦГ, НОБГ, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-тай хамтарсан хурлыг гурван удаа зохион байгуулан, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна” гэв.

Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр 2019 оны эхний хагас жилд гудамж талбай, ахуйн хүрээнд үйлдэгдсэн зөрчил нэг бүрт хүрч, шуурхай шалгаж, хуульд заасан тохирсон шийтгэлийг ноогдуулах, шүүхэд санал гаргах ажлыг эрчимжүүлэн ажиллалаа. Нийслэл хотын хэмжээнд 2019 оны эхний зургаан сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 222.212 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27.682 буюу 11.1 хувиар буурлаа. Үүний үр дүнд нийслэлд нийт гэмт хэрэг 2.880 буюу 19.8 хувь, тэр дундаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 14.5 хувь, хулгайлах гэмт хэрэг 2.214 буюу 37.7 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна” хэмээн танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2534 дуудлага мэдээлэл хүлээн авч 730 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 86 бүртгэгдэж, зам тээврийн хэргийн улмаас гурван хүний амь нас эрсдэж, 105 хүн гэмтсэн байна. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт 4,6 хувиар буурсан  үзүүлэлттэй байх бөгөөд ХУД  дүүрэгт ослын дуудлага өсөлттэй байна” гэсэн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 53, эрэн хайх, аврах ажиллагааны 13, нийт 66 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 25 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 72 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 13,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Онцгой комиссын Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн хурал зургаадугаар сарын 25-ны өдөр хуралдаж, цаг агаарын урьдчилсан мэдээтэй холбогдуулан холбогдох мэргэжлийн байгууллагуудад болзошгүй үер усны гамшгийн үед хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварт хяналт тавих, иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг бүх чиглэлээр хүргэх талаар үүрэг чиглэл өгсөн ажиллалаа” гэв.

Энэ удаагийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд “EDoc” системээр шийдвэрлэж буй албан бичгийн шийдвэрлэлтийн байдлын тухай товч мэдээлэл хийв.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэзээ танилцуулах, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих арван байршлын газар чөлөөлөлтийн асуудал ямар шатандаа байна, Газрын биржийг байгуулах асуудал ямар шатанд явж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө НЗДТГ-аас өгсөн чиглэлийн дагуу долоодугаар сарын 25-ны дотор Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлэх, Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус онцгойлон үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt