Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлаа
Төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд сургалтад хамрагдлааНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн засаглал, эрх зүйн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлуудтай холбоотой заалтууд болон Авлигатай тэмцэх нийслэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын Азийн сан хооронд санамж бичгийг 2016 онд байгуулсан. Энэ хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан сургалт, төсөл, арга хэмжээнүүдийг амжилттай хамтран зохион байгуулсаар ирсэн. Төрийн байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах, албан тушаалтныг соён гэгээрүүлэх ажлын хүрээнд удирдах албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа. Сургалт өнөөдөр “Инновацийн төв”-д боллоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр сургалтыг үйл ажиллагааг нээлээ. Сургалтаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор н.Алтанзул Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны сахилга, хариуцлагын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулалт сэдвээр илтгэл тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Тиймээс АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дага Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.