“Anymal” робот хөгжмийн аянд тохируулан бүжиглэж сурчээ
Швейцарийн Цюрих хотноо байрладаг роботын технологи хөгжүүлэгч технологийн дээд сургуулийн зохион бүтээгчид 4 хөлт роботын төхөөрөмжийг бүтээгээд байгаа. Сүүлд хөгжүүлэгчид нь энэ роботоо хөгжмийн аянд бүжиглүүлж сурган, программчилсан байна. Энэ нь технологи тэр дундаа роботын салбарт гарч байгаа ээлжит нэгэн шинэ үйл явдал болсон байна.
Тэрээр зүгээр ч нэг хамаагүй хөдөлгөөн хийдэггүй. Дуугарч байгаа хөгжмийн ая, хэмнэлийг эхлээд анхааралтай сонсож, боловсруулаад дараа нь үндсэн хөдөлгөөнөө хийж эхэлдэг байна. Хөгжмийн нам дор, тайван аялгуунд маш зөөлөн, найгасан хөдөлгөөнүүдийг хийдэг бол түргэн хэмнэлтэй аянд цоглог хөдөлгөөнүүдийг бие даан хийдэг байна. 4 хөлтэй анимэл нэртэй роботыг хөдөлгөхийн тулд 12 ширхэг том жижиг хэмжээний моторыг суурилуулж өгсөн байна. Тийм учраас ямар ч төрлийн хөдөлгөөнийг чамлахааргүй хэмжээнд хийж гүйцэтгэдэг байна. Энэ роботод автомат горимд бие даан өөрөө хөдлөх боломжтой буюу 2 цагийн турш ажиллуулах хэмжээний батарейг хийж өгсөн юм.
Хөгжүүлэгчид нь энэ бүтээлдээ хөгжмийн хэмнэлийг тодорхойлогч, хэмжигч төхөөрөмжийг суурилуулж өгсөн. Улмаар сонсож байгаа аяныхаа хэмнэлийг хурдан удаан, чанга сул байгааг судлан боловсруулж яаж, ямар хөдөлгөөн хийхээ шийдэх зарчмаар ажиллах программыг бичжээ. Энэ нь үр дүнд хүрсэн байгааг энэ бичлэгээс харж болохоор байгаа юм.
Эх сурвалж: mnb.mn