Авто тээврийн татварыг цахимаар төлөх системийг нэвтрүүллээ
Монголбанк Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлийн дагуу Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах зорилт тавин, уг ажлыг хэрэгжүүлэхэд тулгарч байсан эрхзүйн болон техник технологийн шийдлүүдийг шийдвэрлэн ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд эхний ээлжинд Монголбанк нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахим системээр дамжуулах” гэрээг байгуулж, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний вэб портал smartcar.mn цахим системийг амжилттай ашиглалтанд орууллаа.
Smartcar.mn цахим систем нь Монголд анх удаа авто тээврийн хэрэгслийн албан татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Систем хэрэглээнд нэвтэрснээр иргэд ухаалаг утасны аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр, зөрчлийн торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлж, иргэдийн цаг завыг хэмнэх, татвар хураалтын үйл ажиллагааг хөнгөвчлөх зэрэг давуу талуудыг бий болгов.
Монголбанк нь цаашид төрийн бүхий л байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжид үзүүлдэг үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр ажиллаж байна. Ингэснээр орон зай цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг авахаас гадна төрийн үйлчилгээг авахын тулд банкны салбаруудад дараалалд зогсох, гүйлгээний шимтгэл өндөр төлөх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм.