Хотын захиргааны шинэ байрыг түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэх үүрэг өгөв

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр Баянзүрх дүүргээс удирдан явууллаа.

Хурлын эхэнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дүүргээс зохион байгуулж буй ажлуудыг Нийслэлийн удирдлагуудад танилцууллаа. Тэрбээр “Баянзүрх дүүргийн иргэдийн 90 гаруй хувийг дархлаажуулалтад хамруулсан ч коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс дүүргийн иргэдтэйгээ хамтран ажиллах санал гарган, зохион байгуулж байгаа” гэлээ. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлэг, оюутны дотуур байр, зочид буудлуудад ор дэлгэх, тэтгэвэрт гараад удаагүй байгаа эрүүл мэндийн ажилчидтай хамтарч ажиллахаар болжээ. Тухайлбал, Энэрэл эмнэлэгт 95 ор дэлгэн, жирэмсэн эхчүүдийг хүлээн авч байгаа бөгөөд ойрын хугацаанд 120 жирэмсэн эхэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байгаа аж.  Мөн энэ долоо хоногийн эхний хоёр өдрийн байдлаар нийт 350 гаруй ор дэлгэхээр төлөвлөсөн гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эрчимжүүлэх, дүүрэг бүрдээ боломжоороо ор дэлгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах үүргийг дүүргийн удирдлагуудад өгсөн юм. Мөн тэрбээр хотын захиргааны шинэ байранд коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, яаралтай ор дэлгэлт хийхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон юм.

Түүнчлэн Хотын дарга Нийслэлд халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн дагуу Коронавируст халдварын тархалтыг бууруулж, хэрэгжилтэд хяналт тавих, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүрэг бүрийн Засаг даргад үүрэг болгов. Түүнчлэн иргэн, аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын мөрдөх стандарт, цагийн хуваарь, халдвар хамгааллын дэглэмийг тогтмол сахиулан, сануулж, зөвлөн туслах арга хэмжээ авахыг санууллаа. Коронавируст халдварын тархалтыг бууруулахад чиглэгдсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төв, хорооны Засаг дарга, холбогдох бусад байгууллага, албан тушаалтны ажлын идэвх оролцоо, уялдааг сайтар хангахыг дүүргүүдийн удирдлагад даалгасан юм. Мөн нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, нийтийн эдэлбэр газрууд дахь ногоон байгууламжийн усалгаа, хог хаягдалд анхаарч, нэгдсэн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн харшил өдөөгч ургамал, шарилж, модны улингарын гаралтыг багасгах, харшил үүсгэгчийг бууруулах тал дээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt