Д.Сумъяабазар: Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлээс 2018 онд төрийн үйлчилгээний “Цахим шилжилт“ төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлэн, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг зохион байгуулсан билээ. 

Тус системд тулгуурлан Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлж 21 аймаг, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд цахимаар болон операторын горимоор төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Мөн Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр энэ онд нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын 20 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн портал https://e-mongolia.mn  системд шилжүүлэхэд бэлэн болоод байгаа юм.

Цаашид нийслэлээс аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, тус системд шилжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг E-Mongolia цахим системд нэгтгэн үйлчилгээний төв болгон өргөжүүлсэн бөгөөд тус төвийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn  систем нь төрийн мэдээлэл солилцооны Хур, танил нэвтрэлтийн Дан системийг ашиглан онлайн хэлбэрээр үйлчилгээ үзүүлж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх боломжийг хангасан. Үүн дээр тулгуурлаж Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газраас https://e-mongolia.mn/  системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид Улаанбаатар хотыг цахимжуулах ажлыг эрчимжүүлнэ. Тухайлбал, гэрлэн дохио болон авто зогсоолын ухаалаг систем, нийтийн тээвэр болон такси үйлчилгээ зэрэг хотын бүх үйлчилгээг цахимжуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар Харилцаа холбоо мэдээллийн, технологийн газартай хамтран хийж байна. Өдөр тутмын төрийн үйлчилгээг хялбаршуулах, богино хугацаанд үр дүнтэй ажиллах, иргэд шаардлагатай мэдээ, мэдээллийг богино хугацаанд цахимаар олж авах систем рүү Улаанбаатар хот үе шаттай шилжиж байгаа” гэлээ.

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt