Үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад тавих тусгай нөхцөл, шаардлагын талаар мэдээлэл хийв

 In Цаг үеийн мэдээ

Өнөөдрөөс /2020.01.18/ үйл ажиллагаа нь эхэлж буй аж ахуй нэгж, байгууллагуудад тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх үйлчилгээний байгууллагуудад өгөх зөвлөмжийн талаар НЗДТГ,  Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан мэдээлэл өглөө.  

Үйл ажиллагааг нь хязгаарласан 14 салбар, чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад нь Нийслэлийн онцгой комиссын баталсан нийтлэг түр заавар,  тусгай нөхцөл шаардлагыг баримтлан ажиллах ёстой. Тэр тусмаа худалдаа үйлчилгээний байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа QR кодыг уншуулж хэвшихийг онцгойлон анхаарахыг  сануулав.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн А/06 дугаар захирамжийн хавсралтад цаашид үе шаттайгаар нээгдэх салбар, аж ахуй нэгжид бүх төрлийн худалдаа, гэр ахуйн, бөс бараа, тоглоомын худалдаа зэргийг тусгаад буй.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудад тогтмол хяналт тавьж байна. Тухайлбал, өнөөдрөөс ажиллаж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдэд тусгай нөхцөл, шаардлага тавьж буй.  Тухайлбал, ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх, хүн хоорондын зай барих буюу зөвхөн цонхоор үйлчлэх, түргэн гэмтэх, хадгалалтын онцгой нөхцөл шаардах хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй,  бэлэн мөнгөөр үйлчлэхээс татгалзах зэрэг журмыг баримтлах юм” гэлээ. 

Мөн үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхгүй  байх зөрчил их байгааг НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш дурдаад “Нийтлэг түр заавар, зөвлөмжийг мөрдөөгүй үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна” хэмээв.   

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt