Иргэд, тээврийн хэрэгслийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR код бүхий цахим систем нэвтрүүллээ
“Ковид-19” цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох чиглэлээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт орон даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:
1.Авто замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг цахимжуулав
Нийслэлийн Онцгой комиссоос нэр бүхий 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор дээрх 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудад хамаарагдах тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хот дотор авто замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг Smartcar.mn системээр дамжуулан авах боломжийг бүрдүүллээ. Тус үйлчилгээг ашиглан 3273 аж ахуйн нэгж байгууллагын 17,713 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгогдсон байна.
Эдгээр 13 чиглэлд хамаарах аж ахуйн нэгж байгууллагууд нь замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авах хүсэлтийг дараах зааврын дагуу гарган авна:
1. Хүсэлт гаргах
1.1. Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1242 дугаар захирамжийн хавсралтаар баталсан 13 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллага /цаашид “Байгууллага” гэх/ QR код авах нэн шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтаа nokhshtab@ulaanbaatar.mn хаягаар ирүүлнэ.
1.2. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байна.
2. Хүлээн авах
2.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөний зохицуулалтын баг хүсэлтийг хүлээж авна.
3. Хүсэлтийг судлах
3.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцах байгуулагад хүргүүлнэ.
3.2. Хариуцсан байгууллагууд хүсэлтийг судлаад шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалтыг Нийслэлийн онцгой комисст хүргүүлнэ.
3.3. Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, бүртгэх шаардлагатай тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын багт хүргүүлнэ.
4. QR код олгох, авах
4.1. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн тээврийн хэрэгслийн жагсаалтын дагуу системд бүртгэж, QR код олгоно.
4.2. Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандаж авна.
5. Хүсэлтийг буцаах
5.1. Энэхүү зааврын 1.1-д заасан байгууллагаас бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй.
5.2. Нэр бүхий байгууллагын хүсэлтийг хавсралтаар баталсан хариуцсан байгууллагууд судалж, QR код олгох саналтайгаас бусад тээврийн хэрэгслийн мэдээллийг буцаана.
5.3. Нийслэлийн Онцгой комисс нь ирсэн хүсэлтийг судалж, QR код олгохоос бусад тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж, санал ирүүлсэн хариуцсан байгууллага болон тухайн байгууллагад буцаана.
6. Санал, хүсэлт гаргах
6.1. Аж ахуй нэгж, байгууллага, иргэн QR кодтой холбоотой санал хүсэлтээ 1800-1200 утсаар өгч болно.
2. Иргэний зорчилт бүртгэлийн системийг нэвтрүүлэв
Энэхүү систем нь Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг нарийвчлан гаргах үүднээс иргэний цахим үнэмлэхийн QR кодыг гар утасны аппликейшнээр уншуулан байршлыг бүртгэх зорилготой юм. Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний ажилтнуудад иргэний цахим иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл хийлгүүлэх юм. Халдварын хавьтал гарсан тохиолдолд иргэний явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх байдлаар халдвар авсан байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай илрүүлэх боломжтой боллоо. Энэхүү системийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар систем ашиглан давхардсан тоогоор 15831 иргэний бүртгэлийг нэгтгэсэн байна.
3.Цахимаар ажиллаж буй байгууллага, албан хаагчдын ирцийн бүртгэлийг хянах модуль
Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаар хуралын тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг цахимаар ажиллуулах, ирцийн бүртгэлийг тайлагнах тухай шийдвэр гарсантай холбогдуулан цахимаар ажиллаж буй албан хаагчдын ажилласан цагийн бүртгэлийг хянах хөгжүүлэлтийг Дотоод удирдлагын “UB ERP” системд хийж, системийн нийт албан хаагчдад зааварчилгаа мэдээллийг хүргэсэн байна. Энэхүү модулийг ашиглан 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 238 байгууллагын 2782 албан хаагчдын 21448 удаагийн бүртгэл хийгсэн байна.
4.Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулан Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал https://eservice.ulaanbaatar.mn –аар хүргэж байгаа билээ. Тус порталд өнөөгийн байдлаар 11 байгууллагын 112 үйлчилгээг цахимжуулсан тул иргэд та бүхэн гэрээсээ төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хялбар авах боломжтой юм.
Тус газар нь цаашид цар тахлыг эрсдэл багатай даван туулах чиглэлээр биечилсэн харилцааг бууруулж, цахимаар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх ажлуудыг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР