“Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах “Аюулгүй хот” төслийн танилцуулгыг нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хүргэлээ.

Тэрбээр “Аюулгүй хот төсөл нь холбогдох чиг үүргийн олон оролцогч талтай, нийслэлийг телехяналтын нэгдсэн цогц системтэй болгохыг зорьж байгаа томоохон төслийн нэг юм. Оролцогч талууд болох Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Тээврийн Цагдаагийн алба, Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар зэрэг байгууллагуудтай бодлогыг нэгтгэн төслийн хүрээнд хэв журмын телехяналтын систем болон замын хөдөлгөөний удирдлагын төвийн систем гэсэн хоёр дэд бүлгийн ажлууд хэрэгжинэ. Бид 1700 гаруй байршлаар нэг бүрчлэн судалгаа хийж одоо байгаа Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвийн телехяналтын 36 систем, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 5 систем, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн систем гэх мэт тус тусдаа хоорондын уялдаа төлөвлөлтгүй, нэгдсэн бодлого, хяналт сул, гэмтэл гарсан тохиолдолд хариуцсан байгууллага үйлчилгээ менежмент байхгүй, гэмт хэрэг, зөрчил гарсан даруйд видео дүрс харах нотлох баримт дутмаг зэрэг нь энэхүү төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл шалтгаан болж байна. Иймд “Аюулгүй хот” төслийн эхний шат болох Улаанбаатар хотын авто замын 30 уулзвар, хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу байрлах хяналтын 7 постуудыг камержуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ тусдаа системүүдийг дахин загварчилж, ухаалаг нэгдсэн удирдлага хяналтын цогц систем бий болгоно” гэсэн мэдээллийг өглөө.

“Аюулгүй хот” төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг гурван үе шатанд хуваасан ба нэгдүгээр шатыг 2020-2021 онд хэрэгжүүлэх бөгөөд нэгдүгээр шатны ажлын хүрээнд замын хөдөлгөөний хяналтын 600 орчим камер, хэв журмын 1500 орчим камер суурилуулна гэж төлөвлөн “Нэг тархи нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэх аж. Хоёрдугаар үе шат нь 2021-2022 он, гуравдугаар үе шат нь 2022-2023 онуудад тус тус хэрэгжих юм байна.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамдорж “Дэвшилтэт хот болгоход хамгийн чухал нөлөө үзүүлэх юм нь камержуулалт. Телекамерын системийг нэмэгдүүлэх нь маш зүйтэй. Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад энэ нь чухал нөлөөтэй” гэсэн саналыг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сүүлийн нэг жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллан тооцоо судалгаагаа боловсрууллаа. Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд хянагддаг 3689 камераас 2100 буюу 57 хувь нь хэвийн ажиллаж, 1589 буюу 43 хувь нь цахилгаан тэжээлийн найдваргүй холболт болон шилэн кабел, тоног төхөөрөмжийн гэмтэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын ажлыг хөнгөвчлөх зорилгоор үйл ажиллагааг нь бэхжүүлэх үүднээс хотод нэг тархи нэгдсэн системийг бий болгохыг зорьж ажиллаж байгаа. Энэ төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Гурван жилийн хугацаанд нийслэлийг бүхэлд нь камерын хяналтад авах боломжтой болно. Аюулгүй хотын нэгдсэн системд шилжих боломж бүрдэнэ гэж харж байна. Хариуцсан албан тушаалтнууд камерын стандарт аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Бид хүн бүрийн оролцоотойгоор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан хот болж чадна” хэмээв.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, аюулгүй хот төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны судалгаа хийх, шаардлагатай журам стандарт боловсруулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах. Мөн хэрэгжүүлэх энэ төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад тэмдэглэлээр үүрэг болгосон юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt