Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцууллаа.
Олон нийтийн цагдааг Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2014 оноос эхэлж ажиллуулж эхэлсэн бөгөөд тус хуулийн 63 дугаар зүйлийн 63.10-д зааснаар олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, нийтийн хэв журам хамгаалах талаар хууль сахиулах байгууллага болон бусад хуулийн этгээдээс зохион байгуулж байгаа ажилд оролцох чиг үүрэгтэй байна.
Шинэ коронавирус болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор нийслэлд ажиллаж байгаа хэсгийн ахлагчийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр ажиллах олон нийтийн цагдаагийн тоог 1700 байхаар шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журмыг шинэчлэн боловсруулан хүргүүлж байгаа аж.
Зөвлөлийн гишүүд уг журамд орж буй нэмэлт өөрчлөлтүүдэд санал солилцоод нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааны журмыг хэлэлцлээ
Дараа нь хуралдаанд “Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг”-ийн үйл ажиллагааны журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд ойртуулах, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээг шуурхай үзүүлэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр үйл ажиллагааг иргэд, оршин суугчдад сурталчлах, мэдээ, мэдээллийг нэг сувгаар тэгш, шуурхай, хүртээмжтэй хүргэх, нийслэлийн удирдлагыг цаг үеийн бодит мэдээ, мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тусгах зорилгоор Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна” гэв.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн цэг нь ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд хоёр ээлжээр тасралтгүй ажиллахаар төлөвлөжээ.
Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, журмын төсөлд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хэлээд, журмын төслийг дэмжив.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс