Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, мөн цаг агаар энэ долоо хоногоос эрс дулаарч, нэмэх хэмд хүрч байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын гудамж талбай, ялангуяа олон нийт ихээр зорчдог барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхийг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилт үйлчилгээний нийт 38 компани хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайгаас ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүллээ.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийхэд машин, техник, тоног төхөөрөмж бэлэн эсэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс үзэж шалгалаа.
Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын төвийн гудамж талбайг ариутгаж, халдваргүйжүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Цаашлаад гэр хорооллын айл өрхүүдийн гудамж, зам талбайн ариутгалыг хийнэ. Хаврын улирал эхэлж, хөрсний бохирдол ихсэн нян бактери тархах эрсдэл өндөр болж байгаа энэ үед бүх талын ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудынхаа оролцоотойгоор чанартай, хариуцлагатай хийх ёстой” гээд ариутгалыг ногоон байгууламж болон хүн, амьтанд ямар нэгэн сөрөг нөлөөгүй зориулалтын бодисоор хийж байгаа гэдгийг онцолж хэлсэн юм.
Нийт 180.8 км урттай хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад тусгай зөвшөөрөл бүхий 38 компанийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч машин, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүсгэгч машин, “Хан-уул агро” ОНӨААТҮГ-ын ус шүршигч машинаар хотын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.
Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил цаашид тогтсон хуваарийн дагуу хийгдэх бөгөөд энэ долоо хоногийн мягмар болон лхагва гарагт хотын гол гудамж талбайд, пүрэв, баасан гарагт гэр хорооллын гудамж талбайд хийгдэнэ. Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг нэмж ашиглахаар төлөвлөжээ.
Гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийх хуваарийг танилцуулж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс