Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус цэрээ хаясан, бие зассан иргэнд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
Өчигдөр /2020.02.07/ орой 22:00 цагт нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан нийслэлийн Онцгой комиссын гишүүд болох нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн ЗДТГ-ын Хууль эрхзүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарыг албан өрөөндөө дуудаж, нийслэлчүүдийг коронавирусаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Таны гаргасан захирамжийн хүрээнд бид Зам тээврийн яамтай хамтран ажиллахаар болж байгаа. Нийслэл хотод орж гарч байгаа тээврийн хэрэгсэл болон галт тэрэг, нисэх онгоцоор зорчин ирж байгаа зорчигчдод коронавирусаас урьдчилан сэргийлэх тандалт хяналтыг тавих, дээр нь зохион байгуулалттай холбоотойгоор Онцгой байдлын шуурхай штаб байгуулах саналыг илэрхийлсэн байгаа. Тиймээс танд шуурхай штаб байгуулах тухай болон тус штабын ажиллах журмын төслийг танилцуулахаар өгч байна. Шуурхай штабын ажиллах хүрээ, гарах зардлын саналыг таниар шийдвэрлүүлэхээр оруулж ирж байгаа юм. Мөн өнгөрөгч мягмар гарагт Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдсан мал амьтны сэг зэм устгах чиглэлээр Ерөнхий сайдын албан даалгавар гарсан. Нийслэлийн бүх дүүргүүдэд эзэнгүй нохой, муурны устгалын ажил хийгдэж байгаатай холбогдуулан тухайн амьтны сэг зэмийг бүрэн устгах, элдэв халдварт өвчин хүнд дамжихаас сэргийлэх, мөн хүнсний зах худалдааны төв дээрх малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр болсон” гэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Одоогийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бидний авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол аливаа халдвар тархахаас болон болзошгүй эрсдэлээс иргэдээ урьдчилсан сэргийлэх, иргэдээ мэдээллээр хангахад чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлж байна. Иргэд маань амгалан тайван байж, өөрсдийгөө болон бусдыг элдэв халдвараас сэргийлэх талаар мэдлэг мэдээлэлтэй бай гэдгийг зөвлөнө. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс өөрийн дүүрэгт байрлах шалган нэвтрүүлэх цэгүүд дээр эмч, эмнэлгийн ажилтныг ажиллуулахаар болсон. Энэ дагуу бид хүн хүчээ хувиарлаад, ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Маргааш өглөөнөөс ажиллахад бэлэн болсон. Үүнтэй холбоотой зарах зардлын төсвийг холбогдох албан тушаалтнаар хянуулаад танд танилцуулж байгаа” гэдгийг Хотын захирагчид уламжиллаа.
Үүний дараагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Нийслэлийн Засаг даргад мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын болон НОК-ын шийдвэрийг бид нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж ажиллаж байна. Шуурхай штаб байгуулагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотоос ямар чиглэлд хэдэн иргэн, ямар унаа машинаар явж байгаа, хаана зогсож, ямар үйлчилгээ авсан тухай мэдээллийнг нэг бүрчлэн бүртгэлжүүлнэ. Үүний үр дүнд сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд хаанаас халдвар авсан байх тухай магадлалыг тодруулж мэдэх бололцоог бий болгож байгаа юм. Мөн нисэх буудал, төмөр зам, шалган нэвтрүүлэх цэгүүдэд сэжигтэй иргэн илэрсэн тохиолдолд түр байршуулах газрыг бэлтгэн ажиллаж байна” гэдгийг мэдэгдлээ.
Нийслэлийн Онцгой комиссын илтгэл мэдээллийг сонссоны дараа Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад хэдийгээр шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд бид багтаж байгаа. Та бидний үүрэг бол нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг аливаа эрсдэлд оруулахаас хамгаалах явдал. Коронавирусаас сэргийлэх үйл хэрэгт иргэдээсээ эхлээд назгайрах, маск амны хаалтаа зүүхгүй байх тохиолдол гарах боллоо. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал байна. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, худалдаа үйлчилгээний газрууд хэрэгжүүлнэ. НОК-ын даргын тушаал шийдвэр гарч байгаа. Тус шийдвэрийн хүрээнд шинэ коронавирусаас сэргийлэхтэй холбоотой бүхий л арга хэмжээг тусгасан, шуурхай штаб байгуулахыг үүрэг болгосон байгаа. Мөн Зам тээврийн сайд Л.Энх-Амгаланд хандан Нийслэлийн Засаг даргаас албан бичиг хүргүүлнэ. Албан бичгийн хүрээнд нийслэл хотруу чиглэж байгаа авто замын шалган нэвтрүүлэх постууд дээр шуурхай штаб байгуулан ажиллахад дэмжлэг үзүүлэх, орон нутгаас хотруу ирж байгаа зорчигчдод эрүүл мэндийн анхан шатны шалгалт явуулах зэрэгт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Түүнчлэн Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай захирамж гарч байгаа. Захирамжийн хүрээнд коронавирусаас сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авч ажиллахыг НЭМГ, НМХГ, НЦГ, НОБГ, ТЦГ, НМЭГ, Захирагчийн ажлын алба болон дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосон. Дээр нь нэгдүгээр орлогч аймгийн дарга нартайгаа ойрхон мэдээллээ солилцож хамтран ажиллах ёстой. Ингэж байж бид үнэн зөв бодитой мэдээллээр бие биенээ хангаж, зөв зохион байгуулалттай ажиллаж Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа иргэдээ эрсдэлээс хамгаалж ажиллаж чадна гэж бодож байна. Нийслэл хотод Монголын хүн амийн талаас илүү нь ажиллаж, амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд бид ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах боломжтой юм. Энэ хүрээнд Зөрчлийн хуульд заасан зарим зөрчилд хариуцлага тооцох ажлыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЦГ-тай хамтран хэрэгжүүлнэ. Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад иргэд нус цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулна тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарна. Тухайн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотнын хүмүүст халдвар тарахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах, үүнтэй холбоотойгоор бүхий байгууллагууд 00-оо иргэдэд нээж, үнэ төлбөргүй болгох асуудлыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэснээр Нийслэлийн Засаг даргын ажлын өрөөнд болсон НОК-ын зарим гишүүдийн оролцсон хуралдаан өндөрлөлөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс