Борлуулалтын цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлт гарсан гэв

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой комиссын 15 дугаар хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалтын цэгүүдийн нөөцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.1 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнөөдөр өглөө 6 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт 10, Чингэлтэй дүүрэгт 17, Баянгол дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 36 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлшгүй байна” гэв.

Мөн нийслэлийн Онцгой комиссын гишүүд, дүүрэг хороодын Засаг дарга нар Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдийн борлуулалтын цэгүүдэд 24 цагаар хяналт ажиллаж байгаа талаар дуулгалаа. Түлш тээвэрлэлтийн хувьд үйлдвэрээс гарч байгаа нийлүүлэлт хангалтгүйн улмаас борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсч байна гэв.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар үйлдвэрлэлээс гарч байгаа  шахмал түлшний тээвэрлэлт, түгээлт нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Манай компани 24 цагийн горимоор 1200 гаруй ажилтан албан хаагчид ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 2406578 кг түлш үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Одоогийн байдлаар үйлдвэрийн шугамуудыг жигдрүүлэх ажил явагдаж байна. Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна. Нэг өдөрт 250 цэгийн захиалга авч байгаа” гэв. Мөн онцгой комиссын гишүүд, дүүргүүдийн Засаг дарга нартай хамтран түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангахаар нэмэлт тээвэрлэлтийг гаргасан талаар дуулгалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг картаар дамжуулан түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг үүрэг болгоод,  нийслэлийн Онцгой комиссын гишүүдийг сайжруулсан түлшний хэрэглээний зөвлөмж зөвөлгөөг айл өрхүүдэд өгөх ажлыг эрчимжүүлж 24 цагаар хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Мөн улстөржүүлэлгүй ажлаа хийж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийг  нийслэл, дүүргийн албан хаагчдад хатуу сануулав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt