Энэ жил нийслэлд 8-10 мянган теле “цагдааг” суурилуулна

 In Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн жил нийслэлийн цагдаагийн байгууллага 260 мянга гаруй гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хүлээн авчээ. Үүний ердөө 20 гаруй хэргийг илрүүлэхэд л камерын “шидийг” хэрэглэсэн байна. Ихэнх камер чанарын шаардлага хангадаггүйгээс болж үлдсэн хэрэг зөрчлийг илрүүлэхэд үр өгөөжийг нь хүртэж чадаагүй аж. Өдрөөс өдөрт хүрээ хязгаар нь тэлж байгаа Улаанбаатар хотын захын хэсгээс эхлээд л энд тэнд гарах гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх хяналт, шалгалтын асуудлыг шийдвэрлэх асуудалтай нийслэлийн удирдлагууд нүүр тулж байна. Тиймдээ ч НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-ийн хурлаас теле камертай холбоотой цогц асуудлыг шийдвэрлэх зорилгоор Ажлын хэсгийг байгуулж, шуурхай арга хэмжээ авч байгаа юм. Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/347 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд суурилуулсан теле хяналтын камерын системийг нэгтгэх, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах камеруудын нийтлэг журам боловсруулах үүрэгтэй аж.    

Ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын теле хяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмын төслийг хэлэлцэн, холбогдох газруудаас санал авахаар хүргүүлжээ. Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүргүүдийн ЗДТГ-т Нийслэлийн Засаг даргын А/395 дугаар “Теле хяналтын камеруудыг шинээр суурилуулах, түүнд хяналт тавих тухай” захирамжийг хүргүүлсэн байна. Энэхүү захирамжийн хүрээнд камеруудыг нэгдсэн сүлжээнд холбох, бүртгэлжүүлэх болон технологийн шийдэл боловсруулахад Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс санал авах, суурилуулсан камерыг хүлээн авахад дээрх байгууллагуудын мэргэжилтнүүдийг оролцуулж ажиллах юм. 

Энэ талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Манайд тулгамддаг гол асуудал нь теле камеруудын нэгдсэн стандарт  алга. Тиймээс нийслэлийн хэмжээнд одооноос суурилагдаж байгаа камеруудад нэгдсэн стандарт мөрдүүлнэ. Энэ ажлын эхний том зорилго энэ. Мөн манай төр, захиргааны байгууллагуудын эзэмшилд байдаг камеруудыг засаж, арчлах төсөв хөрөнгө байдаггүй нь тулгамдсан асуудлын нэг юм. Тиймээс цаашид камерын засвар, үйлчилгээг тогтмол хянаж ажиллах эзэнтэй, тодорхой төсөв мөнгө суулгадаг болгох зэрэг асуудлыг эхний журамд тусгасан. Мөн хувийн хэвшлийнхэн, баар, ресторан, хүнсний дэлгүүрийн эзэд суурилуулсан камераа цагдаагийн байгууллагын хяналтын хэсэгтэй нэгтгэж, мэдээллийн нэгдсэн санд холбох талаар тусгаж байгаа юм. Түүнчлэн дараа дараагийн удаад камер авч суурилуулахдаа цагдаагийн ажилтнуудын санал зөвлөмжийг сонсож байхын зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн, чанартай төхөөрөмжүүд сонгохоор төлөвлөсөн. Ингэснээр иргэд, оршин суугчдын амар тайван амьдрах, аюулгүй байдлыг хангах боломж илт нэмэгдэж, гэмт хэргийн тоо тодорхой хэмжээгээр буурах, түүнд шууд хяналт тавих нөхцөл сайжрах зэрэг олон эерэг үр дүн гарна гэж тооцож байгаа” гэсэн юм.

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын “Телехяналтын камеруудын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” тайланд дурдсанаар өнгөрсөн оны сүүлчээр Улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн нутаг дэвсгэрт суурилуулсан 1944 камерт үзлэг, шалгалт хийсэн байна. Үүний 1024 нь хөдөлгөөнтэй, 561 нь хөдөлгөөнгүй, 106 нь тодорхойгүй бөгөөд зориулалтаар нь ангилбал орчны хяналтын 1503, замын хөдөлгөөний 190 камер байна. Нийт камерын 500 гаруй нь одоогоор ажиллагаагүй байгааг Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат дурджээ. 

Мөн тэрбээр “Маш муу үзүүлэлттэй, хүн танихын аргагүй дүрс бичдэг гэх зэргээр чанаргүй камерууд суурилуулсан байдаг юм байна. Энэ нь нийслэлийн, улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангаар гэх мэт төрөл бүрийн санхүүжилтээр хийгддэг боловч шаардлага хангасан нь ховор. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж өгч буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь сэтгэлгүй зүйл хийж байж. Улсын комисс хүлээж авах үед нь цахилгаанд залгаад харуулчихдаг. Гэтэл тэр нь түр цахилгаанд холбогдсон байдаг тул дараа нь салгагдаад камер нь ажиллахгүй болдог. Интернет сүлжээ мөн адил. Түр зуур интернетэд холбож харуулдаг. Байнгын холболт байхгүй байна гэсэн үг шүү дээ. Үүн дээр камер ашиглалт, засвар үйлчилгээ нь орхигдчихсон. Харин ажиллаж байгаа цөөхөн хэдэн камер нь цагдаагийн байгууллагын Шуурхай удирлагын төвтэй холбогдоогүй. Цагдаагийн байгууллагынхан  тус төвд холбох гэхээр тухайн камер эзэмшиж буй аж ахуй нэгж, байгууллагууд нь зөвшөөрдөггүй юм билээ. Нэгдсэн сүлжээнд холбогдоогүй учир гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж чаддаггүй гэх мэт маш олон асуудал байна. Үүнийг цэгцлэхээр журам боловсруулж байна. Аливаа хотын хувьд хяналтын камерийн хамгийн том хэрэглэгч нь хууль, хүчний байгууллагууд байдаг. Тиймээс хяналтын камеруудаа цагдаагийн байгууллага руу холбодог, шинээр хяналтын камер суурилуулах гэж байгаа бол хууль сахиулах байгууллагын мэргэжлийн хэсгүүдээс тодорхойлолт авдаг байхаар журмандаа тусгаж байгаа” гэжээ.

Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дээрх тайлангаар:

•Нийслэл хотын хэмжээнд олон төрлийн камеруудыг урт хугацааны төлөвлөгөө, уялдаа холбоог, зохицуулалтгүйгээр олон төрлийн камерыг суурилуулж байна
•Камерын нэгдсэн програм хангамж байхгүй
•Камеруудын байршлын мэдээлэл алдаатай
•Дэд бүтэц, холболтын төхөөрөмжүүдийн техникийн зураг төсөл байхгүй, хэвийн найдвартай ажиллагаа сул
•Камерын мэргэжилтэн дутмаг, байнга солигддог, мэдээлэл муу
•Удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар хянах боломж сул
•Камерын байнгын засвар үйлчилгээ, арчлалт хамгаалалт сул гэсэн дүгнэлт гарсан байна.

Хэрэв дээрх асуудлуудыг шийдвэрлэж, цэгцлэх юм бол:

•Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд телехяналтын системийн ашиглалт нэмэгдэнэ
•Улаанбаатар хотын гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын систем бий болж, гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг камержуулах урьдчилсан нөхцөл бүрдэнэ
•Улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр суурилуулсан хяналтын камеруудын нэгдсэн мэдээллийн сантай болох ба бодит дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ
•Нийслэлд суурилуулсан телехяналтын системүүдийн ашиглалт үйлчилгээг хариуцах алба, нэгжийг тодорхой болгож, хэвийн ажиллах нөхцөл бүрдэнэ
•Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурч, гэмт хэрэг, зөрчлийг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэх нөхцөл бүрдэнэ
•Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цаг хугацаа, үйл явдлыг нотлох баримтын түвшинд хуулбарлан, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ
•Олон улсын стандартад нийцсэн хяналтын систем суурилуулах нөхцөл бүрдэх зэрэг үр дүнд хүрэх аж.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны дотор нийслэлийн хаана камер суурилуулах, хаана нь давхцуулахгүйгээр тавих зэргийг холбогдох албаныхан судалж, цэгүүдээ төлөвлөж батлуулж байх юм. Энэ жил Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангаас нийт 1.5 тэрбум төгрөгөөр камер суурилуулахаар төсөвлөсөн байна. 2019 онд 8-10 мянган камер суурилуулахаар төлөвлөжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газар манай Засгийн газартай тохиролцож, 36 сая ам.доллараар камерийн систем нэвтрүүлэх хэлэлцээг Хууль зүйн яамныхан хянаж байгаа юм. Хэрвээ хэрэгжүүлээд эхэлбэл дүүргүүдийн алслагдсан хороодод хяналтын камерыг идэвхтэй нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Ингэвэл нийслэлийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэж албаныхан үзэж байна.  

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt