Санал хүсэлтээ Хотын даргад шууд уламжлах боломжтой болно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг нийслэлийн Төрийн үйлчилгээг сайжруулах, шинэ менежмент, технологи нэвтрүүлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулах тухай ажлын талаар мэдээлэл өглөө.
Иргэдийн санал хүсэлтэд суурилсан хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ менежмент, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх “Хотын дарга сонсож байна” шууд утас ажилласнаар:
- Автомат хариулагчаар заавар зөвлөмж хүргэнэ
- Иргэдийн дуудлага бүрт хариулах боломж бүрдэнэ
- Оператор болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд шууд хяналт тавина
- Аль салбар, ямар байгууллагад иргэдийн өргөдөл, гомдлын хандалт их байгааг тодорхойлох боломж бүрдэнэ
- Хэрэглэгчийн мэдээллээр өмнөх дуудлагын түүхтэй танилцах боломж бүрдэнэ
- Иргэдийн хүсэл шаардлагад дүн шинжилгээ хийж шийдвэр гаргах боломж бүрдэх
юм. Мөн оператор иргэний санал гомдол, хүсэлтийг сонсоод, тухайн файлыг хавсарган нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын систем UB-ERP системийн өргөдөл гомдол хэсгээр дамжуулан санал гомдлыг харгалзах мэргэжилтэнд давхар хүргүүлэх давуу талтай юм байна.
Хотын захирагчийн зүгээс дөрөвдүгээр сарын 15-ны дотор багтаан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах шууд утас ажиллах нөхцлийг бүрдүүлэх шийдлийг гаргахыг чиглэл болголоо. Ингэснээр тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотын иргэд өөрт тулгамдсан асуудлаа Хотын даргад шууд уламжлах бололцоо нээгдэнэ гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.