О.Чинзориг: Иргэн гүйдэг биш төрийн байгууллагууд хамтарч иргэнд үйлчилэх ёстой

 In Цаг үеийн мэдээ

“Зуунымэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцажтэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэудаагийн зочноор Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга  О.Чинзоригийг урьсан юм.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ӨӨРӨӨ ӨӨРЧЛӨГДӨХ ЁСТОЙ

-Би 2016 онд энэ албан тушаалд томилогдсон. Мэдээлэл технологийн дэвшлийг хотын үйлчилгээ, соёлтой хэрхэн уялдуулж хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.  Дэлхийн хотуудын мэдээлэл, технологи нь дижитал руу чиглэж эхэллээ. Уламжлалт мэдээлэл өөрчлөгдсөн.  Сүүлийн 10 жилийн хугацаанд хотын хөгжилд мэдээллийн технологи орж ирснээр их өөрчлөлтийг хүн төрөлхтөн мэдэрч байна. Нийслэлд гэхэд иргэдийн үйлчилгээ, бизнесийн орчин бүх зүйл маш хурцадтай өөрчлөгдөж байна.  Гэтэл төрийн байгууллага энэ хөгжилтэй яаж хөл нийлүүлэх вэ. Энэ салбарын ололт амжилтыг ямар салбартайгаа уялдуулах вэ гэдэг нь маш том асуулт байлаа. Тэгээд өөрсдийн нөхцөл бололцоотой уялдуулан төрийн үйлчилгээ, засаглалаа  технологитой холбохыг хичээж ирлээ. Хоёр жилийн хугацаанд төсөл боловсруулан ажилласны  эцэст засаглалын чиглэлд нааштай үр дүнгүүд бий болсон. 2016 оны есдүгээр сараас эхлэн цэцэрлэгийн бүртгэл онлайн боллоо. Энэ салбарт их дараалал үүсч нийгэмд стресс бий болгодог байв. Тэгээд эхний хандалтаар 30-40 мянган хүн хандаж, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлсэн. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийг цахимд шилжүүлэх гэж байна. “Смарт карт” үйлчилгээ байна. Жолооч нар тээврийн хэрэгслийн татвараа төлөх гэж хэдэн газар дамжиж, хоног хугацаа алддаг байсан. Одоо тэр асуудал үгүй болсон. Ер нь төрийн байгууллагын үйлчилгээг шуурхай хүргэхийн тулд  байгууллагууд өөр хоорондоо мэдээллээ хурдан шуурхай дам­жуул­даг байх шаардлагатай байна. Тухайлбал, нэг иргэн тодорхойлолт авах гээд ирэхээр та манай хажуу талын цонхноос очоод шүүлгээд ир гэдэг асуудал бий болно.  Тэгэхээр иргэд хоёр цонхны хооронд хэдэн цаг чирэгдэх талтай. Төрөөс иргэн хүн нэг лавлагаа авахдаа хэд хэдэн хаалга дамждаг ийм байж болохгүй юм.   Иргэд өөрсдөө мэдээлэл дамжуулагч болохгүй.  Үүнийг л өөрчлөхийг зорьж ажиллалаа.

БЛИЦ

БОЛОВСРОЛ

2002-2006 онд МУБИС физик-электроникч, Мэдээллийн технологийн мэргэжлээр бакалавр

2006-2008 онд МУБИС мэдээллийн системийн төлөвлөлт сэдвээр магистр хамгаалсан

2014-2016 онд Төрийн захиргааны удирдлагын магистр

2008-2012 онд Бизнесийн удирдлагын магистр Санхүү, эдийн засаг

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2006-2008 онд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Архив, мэдээллийн сангийн хэлтэст Комьпютер техник хангамжийн мэргэжилтэн

2008-2015 онд УБЕГ-ын Мэдээллийн технолгийн газарт мэргэжилтэн

2015-2016 онд УБЕГ-т Мэдээллийн технологийн газарт ахлах мэргэжилтэн

2016 оноос Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга

2019 ОНД ЕБС-Д ЦАХИМААР БҮРТГҮҮЛДЭГ БОЛНО

-Хүүхдүүд хамран  сурах тойрогтоо бүртгүүлж чадахгүй байх асуудал энэ жил ч ерөнхий боловсролын сургуульд гарлаа. Мөн зарим асуудлаас болж  багш, захирал нар нь асуудалд орж, АТГ-д дуудагдаж байна. Энэ асуудлаас гаргах ганц гарц нь цахимжуулах юм. Та хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийгээд л сургуульд нь бүртгүүлэх боломжтой. Цаана нь машин л ажиллана. Түүнээс ямар нэгэн хүний оролцоо байхгүй. Энэ ажлыг 2019 онд хийж, цахимжуулна. Мөн энэ долоо хоногоос бид дахин нэг шинэ үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Дэлхийн томоохон хотууд иргэддээ үйлчилдэг тусгай порталтай. Улаанбаатар хот маань порталтай хотуудын эгнээнд нэгдэж байна. Иргэд, аж ахуйн нэгж тухайн хаягаар ороод үйлчилгээгээ цахим хэлбэрээр авах боломжтой. Мөн нэг давуу тал нь танд үзүүлж байгаа үйлчилгээ хаана ямар албан тушаалтан дээр байна гэдгийг хянах боломжтой. Гацаад шийдэгдэхгүй байгаа бол  тэр албан тушаалтанд гомдол мэдүүлж болно.  Иргэндээ үйлчилж чадахгүй байгаа албан тушаалтнаа хянаад явна.  Мөн танд үнэхээр сайн үйлчилж чадсан бол тэр албан тушаалтанд талархаж болно. Энэ мэтчилэн нийслэлийн цахим үйлчилгээний портал e.service.mn-ийг нээж байна. Иргэн аж ахуйн нэгж 50 орчим үйлчилгээг цахимаар авах боломжтой. Тусгай зөвшөөрөл, цооног өрөмдөж, худаг гаргах, жуулчин тээврийн хэрэгсэл, архивын лавлагаа гэх мэтчилэн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ.  ОХУ, БНСУ, БНХАУ-ын ихэнх хот энэ үйлчилгээг нэвтрүүлээд байна.

ЭСТОНИ УЛС СОНГУУЛИА ГАР УТСААРАА ӨГДӨГ БОЛСОН

-Олон улсад мэдээллийн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байна. Манай урд хөршид гэхэд технологийг хөгжилдөө сайн ашиглаж чадаж байна. Нэг хүн хилээр нь ороод бултаад алга боллоо гэхэд 20-хон минутын дотор хаана яваа мэдээлэл нь гарч ирж байдаг.   Тэгж их камержиж, технологижиж  чадсан байна.  Нэг хүн өдөрт 600-1000 удаа камерт өртдөг гэсэн байна. Нийтийн тээврээ цахимжуулаад бүх машинаа бүртгэчихсэн. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь мэдээллийн технологиор хангаад өгчихсөн байна. Манай улсын хувьд нэг хүнд ногдох интернэтийн үнэ харьцангуй хямд, дэд бүтэц хөгжсөн. Мэдээлэл технологио ашиглан хөгжүүлэх боломж байна.  Гагцхүү төр ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. Манайхтай ойролцоо хүн амтай Эстони улс гэхэд бүх зүйл нь цахимжиж чадсан. Тэд сонгуулиа хүртэл гар утсаараа өгчихөж байна.  Яагаад энэ амжилтад хүрэв.  Ерөөсөө л төрийн бодлогоо зөв хуваарилсан байдаг. Засгийн газар, ICT салбар, иргэн гурвын зөв харьцаа дундаас тэд хөгжилд хүрч чадсан.   Энэ гурван хүчин зүйлийн гинжин хэлхээ маш чухал байна. Мөн энэ салбарт  хамтын ажиллагаа маш чухал.

БАНКНЫ САЛБАР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ МАШ САЙН НЭВТРҮҮЛЖ БАЙНА

-ТҮЦ машиныг ашиг­лаж байгаа.  Иргэд лавлагаа тодорхойлолтуудаа тэндээс авч байна.  Мэдээллийн техноло­гийн томоохон бүтээл учраас тийм амархан халагдчихгүй. Гэхдээ тэндээс гарч байгаа зарим лавлагааг цаасаар гаргахгүй шууд цахимаар харах үйлчилгээ нэвтэрсэн. Мөн IT-гийн салбар маань одоо бүхий л төр захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Бүгд мэдээллийн технологийг ашиглах сонирхолтой байдаг.   Мэдээлэл технологийн салбарт иргэдийн оролцоо чухал байна. Төрийн үйлчилгээг цахимаар авч сурсан. Цэцэрлэгийн бүртгэлийн уламжлалт хэлбэрийг нь халаад 100 хувь цахимд шилжүүллээ. Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээн дээр иргэд сайн ханддаг. Тэгэхээр иргэдийн зүгээс мэдээлэл технологийн салбарт хүндрэл байдаггүй.  Харин төрийн зүгээс сайжруулах асуудал бий. Манай салбар бол хөгжлийн хурдасгуур юм.  Үүнийг зөв тооцоолж, ашиглах хэрэгтэй.  Төрийн бодлого чухал гэдгийг дахин хэлмээр байна. Түүнээс биш манай салбарт ажиллаж байгаа залуусын мэд­лэг чадвар, хувийн байгуул­лагуудын оролцоо тун дажгүй байна. Төрийн байгууллага ч чадна.  Одоо энэ дээр зөв цэгцтэй бодлого манлайлал чухал байна. Эрхзүйн орчны хувьд ч сайжраад л байна. Одоогоор мэдээлэл технологийн хөгжлийг сайн ашиглаж байгаа салбар нь банкны салбар байна. Иргэдэд чиглэсэн олон үйлчилгээг нэвтрүүллээ.  Түүний араас үүрэн телефоны операторууд орно.  Төрийн үйлчилгээ гуравдугаарт байна.  Төрийн үйлчилгээг  цахимд  шилжүүлснээр авлига буурна, төрийн зарим мэдээлэл ил болно гээд давуу талтай. Мөн одоо цахимаар зээл авдаг үйлчилгээ нэвтэрч иргэд их хандаж байна. Гэтэл төрийн нэг сангаас зээл авахад ямар их асуудалтай байгаа билээ.

УХААЛАГ ХОТЫГ ТӨР БИШ ИРГЭД БИЙ БОЛГОДОГ

– Бид өнгөрсөн хугацаанд Солонгос Улсыг их судаллаа.  ОХУ-ын хотуудыг ч их судалсан. Энэ дундаас өөрсдийн хувилбарыг гаргах гэж хичээсэн дээ.  Сүүлийн үед ухаалаг хот гэж их ярих боллоо. Гэхдээ үүнийг иргэд маань буруу ойлгоод  шууд тухайн бүтээлээс ухаалаг хэрэглээг хүсээд байдаг. Энэ нь хоёр талын оролцоотой юм л даа. Иргэд өөрсдөө тэр ухаалаг байдлыг хүлээж авах чадамжтай байх ёстой. Ухаалаг байдлыг бид хамтдаа бий болгох ёстой юм. Ухаалаг хот гэдэг концевцийг хөгжиж байгаа хотууд ашиглаж байна. Төлөвлөлтийг мэдээллийн технологи ашиглан ухаалгаар хийснээр бүх асуудлыг шийдэж байна. Түгжрэл, агаарын бохирдол гээд бүхнийг үүгээр шийдэж чадна. Би техно­ло­гийн хүн учраас зарим зүйлд фантастик байд­лаар хандаад байж магадгүй. Гэхдээ фантас­тик хандсанаар муу юм байхгүй. Манай Улаан­баатар моделийн хувьд хоцрогдсон. Уламжлалт байдлаасаа салж байж бид хотдоо илүү гоё төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, хөгжүүлж чадна. Тэгж байж бид цаашаа мэдээллийн технологийг хөгжлийн хурдасгуур гэсэн байдлаар хөгжүүлж авч явна. Одоо хот төлөвлөлт дээр гэхэд иргэдэд мэдээллийг ил тод өгөх ёстой. Зарим асуудал дээр дарга төлөвлөдөг биш иргэн төлөвлөдөг байх нь чухал байна.  Тэгэхээр энэ концевцийг өөрчлөх ёстой.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Recent Posts

Сэтгэгдэл үлдээх

Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt