Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллагын удирдлагын хорооны 42 дахь хурал монгол улсад болж байна
Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын хорооны 42 дахь хурал 2018 оны 10 дугаар сарын 9-өөс 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хуралд гишүүн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдах албаны 100 гаруй төлөөлөл оролцож байна.
Энэхүү хурлаар тус байгууллагын 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсож, 2018-2020 онуудад хэрэгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөлтийг хэлэлцэн батална. Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах ОУЦХБ-ын Бүрэн эрхт Төлөөлөгчдийн хурал, 2019 онд зохион байгуулагдах ОУЦХБ-ын Дэлхийн радиогийн их хурлын бэлтгэл хурлуудын тайлан, бүс нутгийн зүгээс баримтлах бодлого, нийтлэг саналуудыг хэлэлцэнэ. Түүнчлэн 2019 онд болох АНДЦХБ-ын 40 жилийн ойн талаар болон Ази-Номхон Далайн Бүсийн МХХТ-ийн Сайд нарын уулзалтад оролцох бэлтгэл ажлын талаар хэлэлцэхээс гадна дараагийн хурлыг товыг тогтоох зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэх болно.
Монгол Улс 1991 онд албан ёсоор тус байгууллагад элсэж, АНДЦХБ-аас гаргасан шийдвэр, стандарт, зөвлөмжийг улс орондоо хэрэгжүүлэх үүргийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хариуцан ажилладаг юм.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өндөр түвшний энэхүү арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулснаар манай улсын байр суурийг олон улсад бэхжүүлэх, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн түншлэл тогтоох, гишүүн орнуудын найрсаг харилцааг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдол бий болж байгаа билээ.