О.Чинзориг: төрийн үйлчилгээг цахимжуулснаар иргэд мэдээлэл зөөх хэрэгсэл байхаа болино
С.ЮМСҮРЭН
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.
-Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын явц ямар байна вэ?
-Нийслэлийн Засаг дарга энэ оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээний чанар, стандартыг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, шат дарааллыг багасгаж ил тод болгох зорилт дэвшүүлсэн. Жишээлбэл, иргэн Дорж төрийн нэг үйлчилгээ авахын тулд нутгийн захиргааны хэд хэдэн байгууллагаар орж, материал бүрдүүлдэг. Ийм байдлаар иргэдийг мэдээлэл зөөх хэрэгсэл болгоод байна. Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдаг төрийн үйлчилгээг судалж түүнийг нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын тогтоолоор хасах боломжтой эсэхийг судалж танилцуулах, улмаар цахимжуулах үүрэг хүлээсэн. Үүний хүрээнд энэ онд төрийн таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Төрийн байгууллагууд хамтарч иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээ авах хүсэлт гаргасан тухайн иргэнээс ямар нэгэн материал шаардахгүйгээр байгууллагууд өөрсдөө түүнийгээ хоорондоо солилцох бодлогыг нийслэлийн Засаг дарга баримталж байна. Үүний тулд төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгох ёстой. Учир нь, иргэдийн хувьд олон байгууллагын хаалга татах нь хүндрэлтэй, улмаар авлига хээл хахууль үүсэх нөхцөл бүрддэг. Тиймээс олон улсад төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүлэх нь зүйтэй гэж үздэг. Гэхдээ мэдээж зарим үйлчилгээг биеэр уулзаж авах шаардлагатай.
-Тухайлбал, ямар үйлчилгээг цахим хэлбэр рүү шилжүүлэхээр ажиллаж байна вэ?
-Цэцэрлэгийн 2-5 насны хүүхдүүдийг цахимаар бүртгэдэг болно. Ингэхдээ 2-3 настнуудын хувьд эцэг эхчүүд цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулдаг байдлыг мөн цахимаар шийдвэрлэнэ. Нэг ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд фэйсбүүкт групп чат үүсгэн хоорондоо мэдээлэл солилцох нь их эрсдэлтэй. Иймд нийслэлийн Боловсролын газраас гаргасан саналд үндэслэн тусгай аппликэйшн бий болгож, түүнээс хүүхэдтэй холбоотой мэдээллийг авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Мөн аппликэйшнээр дамжуулан цэцэрлэг болон нийслэлийн Боловсролын газрынхантай холбогдож санал хүсэлтээ гаргах боломжтой. Бид өнгөрсөн жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар явуулахад нэг сарын дотор 30 мянган иргэн бүртгүүлсэн. Хэрэв тэд цэцэрлэгийн гадна дугаарласан бол бүртгэж байгаа ажилтан болон эцэг эхчүүдэд хүндрэлтэй асуудал үүсэх байсан болов уу. Харин цахимаар бүртгэснээр цаг хугацаа, зардал мөнгө хэмнэж чадсан.
Үүнээс гадна архи, дарс, шар айргаар үйлчилж буй газруудыг хариуцсан нэгдсэн сангүй учраас хяналт тавихад хүндрэлтэй байдаг. Тухайн газарт шалгалт хийхэд зөвшөөрөлтэй гээд нэг цаас үзүүлдэг ч тэр нь баталгаагүй байж магадгүй. Иймд Захирагчийн ажлын албаны тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулж, нэгдсэн системтэй болгоно.
Түүнчлэн гэрээгээр эзэмшиж буй газрынхаа төлбөрийг төлөх нь иргэдэд хүндрэлтэй байдаг. Иргэд олон дамжлага дамжихаас төвөгшөөгөөд газраа хураалгах хэмжээнд хүрдэг тал бий. Энэ асуудлыг мөн шийдвэрлэнэ. Ер нь иргэд төлбөр төлөх, ийшээ тийшээ явах, олон янзын бичиг баримт бүрдүүлэх гэх мэт асуудлаас болоод төрийн үйлчилгээг авч чадахгүй, улмаар түүнээсээ илүү эрсдэлд орох тохиолдол бий.
-Цахимжуулах ажил хэзээ дуусч, иргэд төрийн үйлчилгээг цахимаар авч эхлэх вэ?
-Энэ оны аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Олон улсын жишгийн дагуу төрийн үйлчилгээг салгаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвийг байгуулсан. Төр, хувийн хэвшлийн хамтарсан 270-аад ажилтан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Цаашид бид үүнийг цахим нэг цонхны үйлчилгээ болгоно. Ер нь төрийн бодлого, үйлчилгээ хоёрыг орон зайны хувьд салгах ёстой юм билээ. Хүн хорвоод мэндэлсэн цагаас эхлэн төрийн үйлчилгээ авдаг. Жишээлбэл, төрсний гэрчилгээ, цэцэрлэг, сургуульд элсэн сурах, эрүүл мэнд, нийгэм гэх мэтээр амьдралынхаа туршид төрийн 440 гаруй үйлчилгээг авдаг гэсэн тооцоо бий. Тиймээс олон шат дамжлагатай үйлчилгээг цахим болгох нь зүйтэй гэдэг үүднээс эхнээс нь цахимжуулж, иргэдэд хүргэж байна.
-Тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Үүнийг жолооч нар хэр зэрэг ашиглаж байна вэ?
-“Smart car” буюу тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний системийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө 400 гаруй мянган жолоочийн тал хувь нь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлдэг байсан. Ингэхдээ татвараас авсан нэхэмжлэхийнхээ мөнгийг банкинд тушааж, эргэж очиж тамга даруулах гэх мэтээр олон шат дамжлага дамждаг байсан. Тиймээс Татварын ерөнхий газрын дарга төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх зорилт дэвшүүлж, нийслэлийн Засаг даргатай хамтарч ийм шийдэлд хүрсэн нь жишиг үйлчилгээ болж чадсан. Тухайн системд 500 мянга орчим иргэн нэвтэрч, үйлчлүүлсэн. Тодруулбал, 13 мянга орчим иргэн энэ системийг ашиглаж автомашиныхаа татварыг төлсөн байна. Эдгээр иргэн автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгээгүй, урт дараалалд зогсоогүй, цаас хэвлүүлж зардал гаргаагүй гэсэн үг. Уг системд хандан татвараа төлсөн тохиолдолд түүнийг нь нотлох QR кодыг тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй адилтгаж үзнэ. Аливаа асуудлыг нягталж шалгахдаа цаас биш мэдээллийн санд үндэслэх зарчим баримталж байна. Ингэснээр нэгдүгээрт, чирэгдэл багасна. Хоёрдугаарт, цаас худалдан авах, хэвлэж гаргах гэх мэт зардал гарахгүй.
-Энэ системд хандаж хэдэн төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?
-Нийслэлд өдөрт 350-400 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог. Эдгээр жолооч нар тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласан болон агаарын бохирдлын төлбөр, торгууль төлөх, даатгалд хамрагдах гэх мэт үйлчилгээ авах шаардлагатай. Ийм үйлчилгээг авахын тулд жолооч нар энд тэнд очиж, дугаарлаж зогсох шаардлагагүй. Мөн тээврийн хэрэгслийг ачиж журамлах, автомашин хааж зогссон асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болж байна. Ер нь хөгжсөн улс орнууд тээврийн хэрэгслийн нэгдсэн системтэй байдаг юм билээ. Тэр жишгээр энэхүү ажлыг хийж, улам боловсронгуй болгох чиглэлд ажиллаж байна. Үүнд цагдаа, авто тээвэр, Замын хөдөлгөөний удирдлагын нэгдсэн төв, Даатгалын нэгдсэн холбоо, Хууль зүйн яам зэрэг олон байгууллага хамтарч ажиллаж байна. Эдгээр байгууллага өмнө нь хоорондоо цаас солилцдог байсан бол одоо энэ асуудал цэгцэрсэн.
-Замын цагдаа хэн нэгэн жолоочийг шалгахад татвараа төлсөн байсан ч тэр нь баталгаажаагүй тохиолдолд яах вэ. Энэ мэт эрсдэлийг хэрхэн тооцсон бэ?
-Татварын ерөнхий газрын даргын тушаалыг хүчин төгөлдөр мөрдөж байгаа учраас ямар нэгэн эрсдэл гарахгүй. Жишээ нь, Дорж автомашиныхаа татварыг өнөөдөр төллөө гэж бодоход тэр нь таван минутын дотор баталгаажиж, QR кодыг e-mail хаяг руу нь илгээдэг. Үүнийг хэвлэж гаргаад биедээ авч явж болно. Аль эсвэл та болон цагдаа www.smartcar.mn рүү нэвтэрч шалгах бүрэн боломжтой.
-Төрийн байгууллагууд хоорондоо албан тоотоор харилцдаг. Үүнийг цахимжуулах боломж бий юү?
-Засгийн газраас гаргасан тогтоолын дагуу энэ талаар бид ажиллаж байна. Тухайлбал, манай байгууллагаас нэг албан тоот Захирагчийн ажлын алба руу явуулах шаардлага гарвал түүнийг цахимаар шилжүүлнэ гэсэн үг. Аль нэгэн байгууллага руу нэг албан тоот явуулахад ойролцоогоор 1500 төгрөг зарцуулдаг. Энэ нь хэвлэмэл бланк, принтерийн хор, дугтуй, хүргэлтийн зардал юм. Байгууллага хооронд өдөрт хэчнээн олон албан тоот явуулж байгааг тогтоох боломжгүй. Иймд үүнийг цахимжуулснаар гаднаас цаас импортлох зардал багасч, ихээхэн хэмжээний хэвлэмэл архив үүсэхгүй болно. Мөн албан тоотыг шуудангаар явуулахад гурав хоногийн дараа очдог бол цахимжуулснаар гуравхан секундэд тухайн газартаа хүрнэ гэсэн үг.
-Албан тоотыг цахимжуулснаар хэчнээн төгрөгийн зардал хэмнэх боломжтой бол?
-Нийслэлийн хэмжээнд таван тэрбум төгрөг хэмнэх тооцоо гаргасан.
-Хэвшмэл арга барилаас салахад хүндрэлтэй байх болов уу. Нэг хэсэг нь цахимаар, нөгөө хэсэг нь цаасаар албан бичиг явуулах гэх мэт асуудал гарч магадгүй юм?
-Системийг ашиглалтад оруулснаар эхний ээлжинд төрийн албан хаагчдыг сургалтад хамруулж, албан тоотоо цахимаар хэрхэн явуулах талаар ажлын байрны тодорхойлолт, журамд нь тусгах юм. Тодруулбал, төрийн албан хаагч үйлчилгээ болон бусад харилцаанд цахим хэлбэрээр ашиглах нийтлэг журмыг нийслэлийн Засаг дарга батална.
-Албан тоотыг цахимжуулснаар тоон гарын үсэг шаардлагатай болох нь. Тухайн хүн ажлаасаа чөлөөлөгдсөн ч тоон гарын үсгийг ашиглах вий гэсэн болгоомжлол байна?
-Үүнийг хууль, дүрэм журмын дагуу зохицуулна. Тухайлбал, би маргааш өөр тийшээ шилжвэл ажлаа хүлээлгэж өгөхдөө тоон гарын үсгээ мөн үлдээнэ. Төрийн 3000 албан хаагчийн тоон гарын үсгийг авч байна. Тоон гарын үсэг дунджаар 40 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Үүнийг жил бүр сунгаад идэвхжүүлэх боломжтой. Шинийг санаачлагч төр, түүнийг шимтэн хэрэглэдэг иргэд, сайн гүйцэтгэгч буюу мэдээллийн технологийн салбарын хамтын зарчим дээр төрийн үйлчилгээ цахим хэлбэрт бүрэн шилжих боломжтой. Энэ зарчмаар дэлхийн өндөр хөгжилтэй улс орон ажилласан. Жишээлбэл, Гүрж улс таван сая хүн амтай хэрнээ найман сая жуулчин хүлээж авдаг. Үүний гол шийдэл нь визээ цахимжуулсан явдал. Үүний нэгэн адил цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхээр бид ажиллаж байна.