Төрийн өмчийн 217 цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж эцэг, эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэдэг байдлыг арилгалаа
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгуулав.
Уг цахим систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн. Мөн газарзүйн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай боллоо.
Төрийн өмчийн цэцэрлэгүүд 2017 оны 07 дугаар сарын 25-аас 8 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаанд цахим системээр бүртгэл, элсэлтийн сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгуулж ажиллаа. Нийт 2 настай 22774 хүүхэд бүртгүүлсэн. Нийт бүртгүүлсэн хүүхдээс системийн санамсаргүй уналтын аргаар сонгон шалгаруулалтыг 217 цэцэрлэгт нэгэн зэрэг зохион байгуулж 11 700 орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан.