Бизнес эрхлэгчид “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-д үйлчилгээ эрхлэх хүсэлтээ илгээсээр байна.
Нийслэлд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийн үйлчилгээг 2022 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цахимжуулах Нийслэлийн Засаг даргын A/987 тоот захирамж батлагдсан.
Дээрх захирамжийн хүрээнд нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй 9 ангиллын 74 нэр төрлийн зөвшөөрөл болон зөвшөөрлийн шинжтэй эрх олгодог үйлчилгээнүүдийн бүрдэл бичиг баримт, шат дамжлагыг багасган 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс “Онлайн бизнес төвийн Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар тус систем рүү 6127 гаруй иргэн, аж ахуй нэгж байгууллага хандаж үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авсан ба нийт 162 хүсэлт бүртгэгдэн хяналтын шатандаа явж байна.