УИХ цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

 In Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдөрийн (2021.07.05) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөцийн мэдээллийг ил тод байлгах асуудлыг, Шилэн дансны тухай хуулиар төрийн байгууллагуудын төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, тэдгээртэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй байх харилцааг зохицуулсан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай хууль нь дээр дурдсан хүрээнд мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хэрэгжилтийн хувьд учир дутагдалтай буюу хуулийг агуулгын хувьд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсаар байна. Ил тод байх мэдээллийн талаар хангалттай зохицуулалтгүйгээс төрийн байгууллагууд нууцад хамааруулах шаардлагагүй мэдээллийг “албаны нууц”-д хамааруулан тогтоох боломжтой байгаа нь иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон мэдээлэл авах эрх хөндөгдөхөд хүрч байна. Мөн ил тод мэдээллийн болон нээлттэй өгөгдлийн сан бий болгож, улмаар иргэн, хуулийн этгээд төрөөс бий болгосон нээлттэй өгөгдлийг өөрийн бизнес, үйлдвэрлэл, техник технологи, мэдлэгийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр бий болгохдоо ашиглах боломжийг нээх шаардлага мэдээллийн технологийн салбарын өнөөгийн хөгжлийн түвшин, дэлхий нийтийн жишиг, хандлагын дагуу урган гарч байна.

Төрийн байгууллагад цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэлд суурилан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий болоод байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас төрийн цахим харилцааг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд тодорхой шийдвэрүүд гаргаж томоохон хөтөлбөр, төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний үр дүнд төрийн байгууллагууд өөр хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй технологийн тусламжтайгаар, үр ашигтай харилцах, үйлчилгээгээ хүргэх цахим орчны дэд бүтэц, техник, технологийн суурь, дундын нөөцийг алхам алхмаар бүрдүүлж байна.

Цахим орчны дэд бүтэц, техник, технологийн суурь, дундын нөөц бүрдэж буй энэ үед төрийн байгууллагууд харилцан уялдаатай ажиллаж, үүндээ тулгуурлан аливаа этгээдэд мэдээлэл, үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх, өөр хоорондоо мэдээлэл дамжуулах, хүн бүр хуулийн хүрээнд мэдээлэл эрэх хайх, олж авах орчин бүрдүүлэхтэй холбогдох харилцааг хуульчлах шаардлагатай үүссэн хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны цахимжилт эрчимжиж, технологи нэвтрүүлэх ажил Засгийн газрын тогтоолоор хэрэгжиж, ахицтай байгаа ч хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн уялдаа сул, мэдээллийн технологийн сонголт, хоорондын нийцэл, санхүү, эдийн засгийн үр ашгийн байдлыг үнэлж, дүгнэх болон мэдээллийн сангийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх ажиллагаа хийгдэхгүй байгаа нь хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгаатай холбоотой гэв.

Монгол Улсад интернетийн үйлчилгээ 1996 онд, интернет банкны үйлчилгээ 2002 онд тус тус нэвтэрч, төрийн болон бизнесийн олон үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн юм. 2019 оны жилийн эцсийн байдлаар гар утас хэрэглэгчдийн тоо 4,36 сая, түүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо 3,1 саяд хүрч, үүрэн холбооны 4 дүгээр үеийн технологи нийт 360 гаруй сум, суурин газруудыг хамраад байгаа нь иргэд, хуулийн этгээдийн зүгээс төрийн үйлчилгээ, мэдээллийг хүндрэл, зардал багатайгаар орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах эрэлт, хэрэгцээ үүсгээд байгааг мөн төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан юм. Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор баталсан цахим хэлбэрээр үзүүлж болох 496 үйлчилгээний 320 нь буюу 64 хувь нь баримт бичиг, лавлагаа, мэдээллийн бүрдэл шаарддаг бөгөөд тус баримт бичиг, лавлагаа, мэдээлэл нь төрийн бусад байгууллагаас олгогддог байна. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гардаг цахим баримт бичгийг байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй, шүүх нотлох баримтаар үнэлэхгүй байх зэрэг асуудал гарч байгаа нь иргэдийг ихээхэн бухимдуулж, хуульчдын дунд маргаан дагуулж эргэлзээтэй байдлыг үүсгэж байна.

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар мэдээ, мэдээлэл, мэдээллийн сан, цахим системтэй холбоотой зохицуулалт 154 хуулинд тусгагдсан байна. Эдгээрийн ихэнх нь мэдээллийн сан бүрдүүлэх харилцааг л зохицуулж байгаа ба мэдээлэл, мэдээллийн санг үүсгэх, бүрдүүлэх эрх бүхий этгээд, нэгдсэн бүртгэл хяналтад байх зэрэг бусад харилцаа одоог хүртэл хангалттай зохицуулалтгүй байгаа нь ижил мэдээллийн сан хоёр байгууллага дээр давхардан үүсэх, эдгээр мэдээллийн сан дахь мэдээллүүд зөрөх, улмаар иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл үүсгэх талтай. Дээрх хууль зүйн болон практик шаардлага, судалгаа, тайлан, зөвлөмжид тулгуурлан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зохицуулалтуудыг тусган, хуулийн нэрийг Нийтийн мэдээллийн тухай гэж өөрчлөн төслийг боловсруулсан байна.

Нийтийн мэдээлэл буюу төрд байгаа мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилсан бөгөөд хаалттай мэдээлэл гэж төрийн нууц болон хуулиар хаалттай гэж тогтоосон мэдээллийг, хязгаарлалттай мэдээлэл гэж хандах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон бөгөөд хүн, хуулийн этгээдийн зөвшөөрлийн үндсэн дээр хандаж, ашиглаж болох мэдээлэл болон албаны нууцад хамаарах мэдээллийг ойлгохоор тусгажээ. Нээлттэй байх мэдээллийг жагсаалт байдлаар тодорхой тусгахыг зорьж, одоогийн мөрдөж байгаа хуульд заасан нээлттэй, ил тод байлгах мэдээллийг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн эдийн засаг, бизнесийг дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өгөгдөл бий болгох, түүний нөхцөл, журам, нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг тусгажээ. Мэдээлэл хариуцагч нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, гэрээний үндсэн дээр төрийн чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд, олон нийтийн радио, телевиз, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нам зэрэг байгууллагууд байхаар тусгасан байна.

Төрийн үйл ажиллагааг цахимаар явуулах, иргэн, хуулийн этгээдэд цахимаар үйлчилгээ үзүүлэх, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахимаар харилцахад шаардлагатай нийтийн мэдээллийн дэд бүтэц буюу үндсэн (“Хур” систем) болон дэмжих систем, мөн төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд эдгээр системийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлж болох талаар, мөн мэдээллийн сүлжээ, мэдээллийн сангийн талаарх зохицуулалтыг тусгасан болохыг Х.Нямбаатар сайд илтгэлдээ танилцууллаа. Дэмжих системийн нэг төрлөөр мэдэгдэл хүргэх системийг бий болгож, иргэн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээлэлд нь бусад этгээд хандсан бол, түүнчлэн төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан бол сануулж, мөн татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөр, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, ард нийтийн санал асуулга, сонгуулийн өдрийн тов зэргийн талаар иргэн, хуулийн этгээдэд тус системээр дамжуулан мэдэгдэл хүргэж байхаар тусгасан байна.

Мөн дэмжих системийн нэг төрлөөр иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, үйлчилгээ хүргэх төрийн үйлчилгээний нэгдсэн систем (“е-mongolia”)-ийг бий болгож, түүнээс олгогдох цахим баримт бичгийн хүчинтэй байдал, баталгаажилтын талаарх зохицуулалтыг тусгасан гэв.

Төрийн үйл ажиллагаа цахимжихтай холбоотойгоор төрөөс үйлчилгээ үзүүлэхдээ нийтийн мэдээллийн системээс олж авах, солилцох боломжтой мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, төрийн байгууллага, албан тушаалтан албан харилцаандаа албаны цахим шуудан, мэдээллийн систем ашиглах, иргэн, хуулийн этгээдэд улсын бүртгэлийн дугаараар цахим шуудангийн хаяг үүсгэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шуурхай, хариуцлагатай, ёс зүйтэй болгох, Монгол Улсын Үндсэн хуульд заасан, иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах эрх зүйн орчин баталгаатай бүрдэж, төрд итгэх иргэдийн итгэл нэмэгдэнэ. Түүнчлэн төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирснаар хүнд суртал, авлига, ашиг сонирхлын аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэх ач холбогдолтой гэв. Иргэн, хуулийн этгээдийн хувьд төрийн мэдээлэл, үйлчилгээг төрийн байгууллагад биечлэн хандаж авахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим хэлбэрээр авах боломж мөн бүрдэх аж. Иргэд төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломж нэмэгдэж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөө нь хангагдахаас гадна төрийн мэдээлэл, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг байсан зардал болон цаг хугацаа нь хэмнэгдэх юм байна. Нээлттэй өгөгдлийн тусламжтай иргэн, хуулийн этгээд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдлэгээ хөгжүүлэх боломж нээгдэх аж.

Төрийн байгууллагуудын хувьд төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж үйл ажиллагааны шинэчлэл, инноваци, мэдээллийн систем, тооцоолон бодох техник хэрэгслийн нөөцийн удирдлага, төлөвлөлт сайжрахын зэрэгцээ төрийн мэдээллийн сан, системийн төлөвлөлт, үнэ цэнэ, чадавх өсч, хариуцлага, ил тод байдал дээшилнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Түүнчлэн Монгол Улсын хувьд хөгжлийн олон улсын түвшний үзүүлэлтүүд сайжирч олон улсад эзлэх байр суурь, нэр хүнд өснө. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан зорилтыг хангах, төрийн байгууллагад цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэлд суурилан төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, шуурхай, хялбар байдлаар хүргэх, төрийн байгууллагууд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Хүн, хуулийн этгээд мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой төсөл дэх зохицуулалтын талаар тодруулсан гишүүдийн асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулт өглөө. Төслийн гуравдугаар бүлэг дээр эл асуудлын талаарх маш тодорхой зохицуулалтууд туссан байгааг хэлээд “Түүнчлэн энэхүү төсөлд нээлттэй байх мэдээллийг нэгбүрчлэн зааж өгснөөрөө онцлогтой. 5 чиглэлийн 67 мэдээллийг нийтэд нээлттэй байхаар хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тодорхой тусгасан байна.

Нэн тэргүүнд төр, түүний бүтцийн байгууллага, удаад нь хууль болон гэрээний үндсэн дээр төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага, улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд мэдээлэл хариуцагчаар тодорхойлогдож байгаа. Өөрөөр хэлбэл мэдээлэл хариуцагч нь зөвхөн төр биш, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нийтийн эрх зүйн бусад субьектууд байгаа учраас төслийн нэрийг “Нийтийн мэдээллийн тухай” хэмээн өөрчилсөн гэв. Төрийн мэдээллийг тусгайлан гаргах журмын дагуу үнэлнэ гэдэг хариултыг Х.Нямбаатар сайд хэллээ.

Цаашид төр өөртөө байгаа мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй байх, төрийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцох бололцоог нийтийн мэдээллийн дэд бүтцийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттайгаараа энэ төсөл онцлогтой юм байна. Улмаар нийтийн мэдээллийн дэд бүтэц дэх мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажсан тохиолдолд эх хувьтайгаа эн тэнцүү байх, үүнийг нь төрийн байгууллага, шүүх нотлох баримтаар үнэлэх бололцоог бүрдүүлэхээр төлөвлөж байгаа гэв. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг аливаа төрлийн мэдээллийн ангилал, төрлийг маш тодорхой хуульчлах шаардлагыг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан цар тахлын энэ нөхцөлд төрийн мэдээллийг ил тод болгох, төрийн үйлчилгээг цахимжуулах хурд, цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэлж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 63 гишүүний 44 нь буюу 69.8 хувь нь Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус тус танилцууллаа.

Хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 32 зүйлтэй. Нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгийн зэрэг мэдээлэлд юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг нарийвчлан бусад улс орны жишигт тулгуурлан хуулийн төслөд нарийвчлан тодорхойлсон байна. Хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг төслийн хүрээнд зохицуулагдана. Харин хувь хүн өөрт болон өөрийн гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, хувь хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах, хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглахтай холбоотой харилцаанд уг хуулийн төслийн зохицуулалтууд үйлчлэхгүй юм байна.

Гүйцэтгэх ажлын явцад хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газар, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбоотой харилцааг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулахаар оруулсныг Х.Нямбаатар сайд илтгэлдээ танилцуулсан.

Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тодорхойлсон байна. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулжээ. Мөн мэдээллийн эзэн нас барсан тохиолдолд тухайн хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зохицуулалтын талаар төсөлд тусгасан гэв. Мөн сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад мэдээллийн эзний эдэлж болох эрх, хүлээх үүргийг тогтоожээ. Тухайн эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах зохицуулалтуудыг мөн төсөлд тусгасан байна.

 Мэдээлэл хариуцагч буюу мэдээллийн эзний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа этгээдийн мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийг хуульчлан, мэдээлэл хариуцагч болон түүний үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлж авч байгаа боловсруулагчийн хүний хувийн мэдээлэл хамгаалах талаар аюулгүй байдлын арга хэмжээ авах, мэдээллийн эзэнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой мэдэгдэл, илэрсэн зөрчлийг мэдэгдэх талаар оруулсан байна.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгажээ.

Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглох ёстой хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

Мэдээллийн эзний гомдлыг шийдвэрлэх талаар тусгаж, мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж, шийдвэрлүүлэхээр, мэдээллийн эзэн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болохоор мөн тусгасан.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Хувь хүний нууцын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон хуулийн нэршлийг өөрчилж байгаатай уялдуулан холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулсан байна.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Х.Нямбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс тайлбар, хариулт авав. Хувь хүний мэдээллийн нууцлал, бизнесийн байгууллагууд үйлчилгээнийхээ хүрээнд иргэний биометрик мэдээллийг цуглуулдаг байдлыг хэрхэх талаар тодруулсан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулт өгөв. Төсөл батлагдсанаар аливаа төрлийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар хувь хүнийг тодорхойлох боломжтой гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай, дуу хоолой, биеийн хөдөлгөөний онцлог шинж зэрэг хүний бие махбодтой холбоотой хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу биометрик мэдээллийг зөвхөн төр цуглуулах, ашиглах эрхтэй болно. Хүний биометрик мэдээллийг дур зоргоор ашиглавал үр дагавартай байх тул хувийн байгууллагууд ийм төрлийн мэдээллийн сан үүсгэхийг хуулиар хориглож, төсөл батлагдсаны дараа хууль хэрэгжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд дээр цугларсан энэ төрлийн мэдээллийн санг устгах арга хэмжээ авна гэв. Цаашид төр л шаардлагатай тохиолдолд иргэн, хувь хүний биометрик мэдээллийг цуглуулна. Тодруулбал, иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах зорилгоор хүний хурууны хээг улсын бүртгэлийн байгууллага ашиглана. Улсын хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэнийг таних, баталгаажуулах зорилгоор тухайн хүний хурууны хээг зөвхөн хил хамгаалах байгууллага цуглуулж, ашиглана. Гуравдугаарт, хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор биометрик болон генетик мэдээллийг цуглуулж, ашиглахаар хуулийн төсөлд заасан. Дөрөвдүгээрт, шүүхийн шинжилгээний байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, ашиглах эрхтэй. Дээрх дурдсан төрийн байгууллага дээрх зорилгоор л хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, ашиглах эрхийг хуульчилж байгаа. Харин бусад тохиолдолд биометрик болон генетик мэдээллийг цуглуулах, ашиглах хориотой болж байгаа гэх тайлбарыг өгсөн. Иргэн бүрийн хувийн бүхий л мэдээлэл тусгай дугаараар бүртгэгдэн, нэгтгэгдэх бөгөөд энэ мэдээлийг төр хадгалах, хамгаалах үүрэг хүлээх аж.

Одоо хэрэгжиж буй хуулиар иргэн хувийн мэдээллээ хадгалж, хамгаалах үүрэгтэй байсан бол төслөөр хувь хүний мэдээллийг төр хадгалж, хамгаалах үүрэгтэй болж байгааг Н.Учрал гишүүн онцолсон. Төр иргэдийн мэдээллийн янз бүрийн шаардлагаар цуглуулдаг ч тэр бүрийн цаана мэдээллийн технологийн хувийн байгууллага байдаг ба төрийн нэрээр, хувийн байгууллага дээр цуглуулж байгаа хувь хүний нууцын мэдээллийг хадгалах, хамгаалах тал дээр ямар зохицуулалт хийж байгааг тодруулсан. Г.Амартүвшин гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хувь хүн мэдээллээ ашиглах зөвшөөрлийг олгоход л цаашдаа хэрхэн, хэзээ, яаж ашиглах нь хязгаарлалтгүй болох эрсдэл төслийн хүрээнд харагдаж байгааг хэлэв. Манай улсад хувь хүний мэдээллийг нууцлах боломжгүй бөгөөд иргэний хувийн мэдээллийг мэдээлэл эзэмшигч аль нэг байгууллага задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар ямар зохицуулалт тусгасныг тодруулж, Х.Нямбаатар сайдаас хариулт авсан юм. Хувь иргэний мэдээллийг ашиглах, цуглуулах, боловсруулах эрх авсан этгээд мэдээллийн эзний өмнө хүлээх үүргийн талаарх зохицуулалтыг тусгасан гэлээ. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр хувийн мэдээллийг ашиглах эрх үүсэх ба дамжуулах тохиолдолд мөн мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах, төр түүн дээр нь хяналт тавих, хамгаалах зохицуулалттай болно гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгөв.

Хэлэлцэж буй төслийн зохицуулалтын хүрээнд сэтгүүл зүйд хүний хувийн мэдээллийг баримт болгон ашиглах зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай гэж байгаа Х.Нямбаатар сайдын байр суурьтай холбогдуулан М.Оюунчимэг гишүүн санал хэлсэн. Сэтгүүл зүйд аливаа мэдээллийг түгээхдээ талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зарчим байдгийг тэмдэглээд “Олон нийтийн сүлжээ болон редакци бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын ялгаа бүдгэрч байгаа орчин цагт онцлогийг анхаарах ёстой. Мэдээллийн хэрэгцээгээ нийтээрээ олон нийтийн сүлжээнээс хангаж байгаагаас үүдэн хил хязгааргүй, дүрэм журамгүй, зохицуулалтгүй, эмх замбараагүй урсгал үүссэн. Зарим улс орон Олон нийтийн сүлжээний зохицуулалтын тухай хууль баталж, эл асуудлын эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн. Ингэснээрээ хэвлэл мэдээллийн эрхийг зөрчихгүйгээр зохицуулж байгаа” гэв. Тиймээс хэлэлцэж буй төслийн зохицуулалт Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэх зэрэг хуулиудтай нийцэж буй эсэх, нийтийн сүлжээний мэдээллийн урсгалын талаарх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх эсэхээр асуулт асууж, хариулт авсан. Олон нийтийн сүлжээн дэх мэдээллийн урсгалын талаарх эрх зүйн зохицуулалттай улс орнуудын туршлага, жишгийг судалж байгаа бөгөөд Засгийн газрын төсөл боловсруулж байгаа, олон нийтээс санал авахаар төлөвлөн ажиллаж байгаа гэх мэдээллийг сайд өглөө.

Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж байгаа тул төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжихгүй байгаагаа Ш.Адьшаа гишүүн илэрхийллээ. Түүний “Иргэн хувийн мэдээллээ өгөхгүй бол хариуцлага хүлээх үү” гэсэн асуултад ажлын хэсгээс хариулт өгсөн. Иргэний мэдээллийг цуглуулагч аливаа байгууллага хувь хүний мэдээллийг үзэх, ашиглах, нээх, дамжуулах бүрд иргэнд мэдээлэл очдог системтэй байх шаардлагыг тавьж байгаа, ийм систем байхгүй бол хариуцлага тооцох зохицуулалт төсөлд тусгагдсан гэв. Хувийн мэдээллийг эзний зөвшөөрлийн дагуу л ашиглах боломжтой зохицуулалттай болж буйгаараа онцлогтойг хэлж байсан.

Төслийн 10.1.3-т “хуульд заасан эрх бүхий байгууллага гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шалган шийдвэрлэх зорилгоор биометрик болон генетик мэдээллийг” цуглуулна гэсэн байгаа нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэдэг байр суурийг мөн Г.Тэмүүлэн гишүүн илэрхийлсэн. Хүний удамшлын мэдээллийг төр цуглуулах эрхгүй, цуглуулсан байлаа ч төслийн 10.1.4-т томьёолсны дагуу “шүүхийн шинжилгээний байгууллага эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шинжилгээ хийхэд биометрик болон генетик мэдээллийг” ашиглахаар байгаа нь хүний эрх, эрх чөлөөний талаарх Үндсэн хуулийн зохицуулалттай шууд зөрчилдөж байна гэлээ. Үүний зэрэгцээ төслийн 13.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийн эзэн нас барснаас хойш 70 жил өнгөрсөн тохиолдолд хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад зөвшөөрөл шаардахгүй” гэсэн томьёоллыг хасах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байлаа. Генетик мэдээллийг ердөө эцэг тогтоолгох зорилгоор ашиглаж байгааг сануулсан. Төсөл дэх дээрх зохицуулалтууд нь одоо хэрэгждэг хууль журмын хүрээнд хийгддэг ажлуудыг хуульчилж байгаа гэдгийг Х.Нямбаатар сайд тайлбарлав. Түүнчлэн олон улсын жишгийн дагуу төслийн 13.2 дахь томьёоллыг боловсруулсан гэлээ.

Х.Булгантуяа гишүүн, иргэн төрийн болон хувийн хэвшлийн аливаа нэг байгууллагад мэдээллээ өгөхийг зөвшөөрөхгүй л бол ямар ч үйлчилгээ авч чадахгүйд хүрэх эрсдэлтэйг тооцох, мэдээллээ өгөхгүй ч үйлчилгээгээ авах эрхийг нь нээх зохицуулалтыг төсөлд тусгасан эсэхийг лавлав. Дэлхий нийтээрээ мэдээллийг цахим санд цуглуулж байснаа мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг хангаж чадахгүйгээс хүрч байгаагаас үүдэн хязгаарлалт тавьж эхэлж байгаа гэдэг мэдээллийг дурдаад жишээ өглөө. Байгууллагууд онцын шаардлагагүй байлаа ч хувийн мэдээллийг маш дэлгэрэнгүй байдлаар шаарддаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Иргэний хувийн мэдээллийг шаардаж, өгөхгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзах нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг зөрчиж байгаа гэдгийг ажлын хэсэг тайлбарлаж байсан. Цаашид тоон гарын үзэг хэрэглэх байдлаар холбогдох асуудлыг зохицуулахаар багц төслийн хүрээнд шийдвэрлэнэ гэлээ. Х.Ганхуяг гишүүн, төслүүдэд хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулж, санкцыг өндөр болгох нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж холбогдох хэд хэдэн жишээг дурдаж байсан. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төслөөр “цахим төхөөрөмж, кибер орчинд зөвшөөрөлгүйгээр халдаж, устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, нэмж мэдээлэл оруулсан, программ хангамжийг ашиглах боломжгүй болгосон бол хариуцлага тооцохоор тусгасан гэв. Тодруулбал, дээрх тохиолдолд 1-5 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулах юм байна.

Хувийн байгууллагууд хувь иргэний мэдээллийг ямар хязгаарын хүрээнд цуглуулах талаар төсөлд маш тодорхой тусгаж өгөх, цуглуулсан мэдээллээ санаатай болон санаандгүй байдлаар задруулвал, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд  хүлээлгэх хариуцлагыг нэн өндөр байлгах ёстой гэдэг байр суурийг Ж.Батжаргал хэлсэн. Цахим санд цуглуулсан мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, ашиглалтын журмыг маш хатуу хяналтын дор зохицуулахгүй бол төр, хувийн хэвшлийн түншлэлд том эрсдэл учруулах магадлалтай гэдгийг тэрбээр мөн хэлж байлаа.

Ийнхүү гишүүд төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Дараа нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулсан бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Цахим гарын үсгийн тухай хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, практикт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулах зэрэг хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хууль санаачлагч цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн тодорхой зохицуулалтуудыг тусган хуулийн төслийг боловсруулсан байна.

Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар цахим гарын үсгийн эрсдэл, олон улсад ашиглах боломжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цахим гарын үсэг хэрэглэгчийн төлөх хураамжийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн хэрэгжилт удааширсан шалтгааны талаар, Улсын ИхХурлын гишүүн Н.Алтанхуяг иргэнд нэгудаа үнэгүй олгох цахим гарын үсэгт зарцуулагдах зардлын хэмжээний талаар асуулт асууж, хариулт авсан байна.

 Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Н.Алтанхуяг нар хуулийн төслийг Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтарч хэлэлцэх нь зүйтэй талаар санал хэлжээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

Х.Нямбаатар сайдын илтгэл, Н.Учрал гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Үндэсний дата төвөөс 8000 гаруй төрийн албан хаагчид тоон гарын үсэг өгөхөөр шийдвэрлэсэн ч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа, 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг Б.Баттөмөр гишүүн тодруулсан юм. Хуулийн төсөлд 16 нас хүрсэн иргэн бүрд үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийг олгох бөгөөд үүнийг таван жил ашиглах боломжтой гэв. Цаашид тухайн иргэн өөрийн төхөөрөмжүүд дээр тоон гарын үсэг ашиглах тохиолдолд тусгай зөвшөөрөлтэй хувийн хэвшлүүдэд хандан эрхээ авах нь нээлттэй гэв. Иргэний үнэмлэхний санах ойд  тоон гарын үсгийг суулгаснаар тусгай төхөөрөмжид иргэний үнэмлэхийг уншуулснаар ашиглах боломжтой байхаар зохицуулахаар төлөвлөсөн гэв. Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжиж байгаа дөрвөн компани тоон гарын үсэг олгож байгаа бөгөөд өнгөрөсөн хугацаанд 38.407 тоон гарын үсгийг олгосон байдаг байна. Үүний 30 орчим мянга нь татварын тайлан хүргүүлэхтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд авсан бол 8 орчим мянган тоон гарын үсгийг төрийн албан хаагчид авсан байдаг байна. Харин цахим тамгыг зөвхөн хуулийн этгээд ашиглана гэдгийг онцоллоо. Төслийн 7 дугаар зүйл дээр цахим тамга хэрэглээний талаар дэлгэрэнгүй зохицуулсан гэв.

Цахим гарын үсэг болон цахим тамгын ашиглалт дээр нотариатын гэрчлэл хэрхэн ашиглагдах талаар Х.Ганхуяг гишүүн тодрууллаа. Нотариатын байгууллагууд цахим орчинд гэрчлэл хийх саналаа илэрхийлсэн бөгөөд дэд бүтцээ шийдвэрлэсэн талаараа мэдээлэл өгч байгаа гэв. Нотариатын байгууллагууд өнөөдөр дэвшилтэт олон төрлийн үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Тухайлбал, цахим гэрчлэл хийх, нотариатын үйлчилгээ үзүүлээд мэдээллээ цуглуулан мэдээлэл нийлүүлдэг байгууллагадаа нийлүүлэх, тэндээ баталгаажилтыг нь хийгээд хэрэглэгчид шилжүүлэх гэх зэрэг үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болсон байна. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор иргэний үнэмлэхийг шинэчлэхгүй юм байна. Мөн тоон гарын үсгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, мөн гадаад улс орнуудын тоон гарын үсгийг Монгол Улсад хүлээн зөвшөөрөх бололцоог бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гадаад хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байгаа гэв. Өнгөрсөн хугацаанд төрийн цахим дэд бүтцийг бүрдүүлэх нэрээр маш их зээл, тусламж авч, төсвийн хөрөнгө зарцуулсан ч үр дүнгүй өнөөдрийг хүрсэн гэдгийг Н.Учрал гишүүн тэмдэглэж байв.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 65 гишүүн оролцсон бөгөөд 58.5 хувь нь Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt