С.Амарсайхан: Барьж дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч, иргэдийг хохироодог байдлыг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Улаанбаатар хотын хувьд 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авна. Ингэхдээ зөвхөн дэлгүүр орох, эмнэлэг, эмийн сан явахад 1 хүнд 7 хоногт 2 удаагийн зөвшөөрөл олгож байгаа юм. Хотын гудамж, эмийн сан, хүнсний дэлгүүрт хүн хоорондын зайг 1.5 метр байхаар зохион байгуулж, тэмдэг тэмдэглэгээ хийж ажиллаж байна. Харин Нью-Йорк хотын тухайд бүх иргэн амны хаалт зүүхийг үүрэг болгосон шийдвэрийг гаргасан бол Япон улс онц байдлаа тавдугаар сарын 6 хүртэл зарлажээ. Дэлхийн хотууд коронавирусын тархалтын эсрэг хөл хорионы хатуу чанга дэглэмийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй бол Улаанбаатар хотын зүгээс хатуу хөл хорио тогтоохоос илүүтэй тухайн иргэн өөрсдийн болон өрөөлийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийн тулд анхаарч ажиллаж байгаа юм. Энэ сарын сүүлчээр Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах сургалтыг ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагууд бэлэн байдлаа хангахаар төлөвлөж байна.
Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн эхний 100 орыг энэ сарын сүүлчээр ашиглалтад оруулна
Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагааг ойрын хугацаанд ашиглалтад оруулна. Ингэхдээ энэ сарын сүүлчээр эхний 100 орыг бэлэн болгож, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлыг нь хангаж байна. Түүнчлэн Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ шаардлагата түргэн тусламжийн хоёр автомашины асуудлыг шийдвэрлэжээ. Мөн Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдтай ярилцаж, сургалтын эмнэлгийн зарим шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авах үйл ажиллагаа, нийлүүлэлт, хангалтын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, зохион байгуулалтын ажлыг хангаж ажиллах хүрээнд дээрх эмнэлгийг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг хэрэгжүүлж байгаа болохыг хотын Захирагч С.Амарсайхан хэллээ.
Коронавирусын халдварын энэ үед иргэд олон нийт өөрсдөөс шалтгаалах бүхий л үйлдлийг хийх, хүн бүр ая тухтай, аюулгүй, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагын үүднээс “Хотын соёл” аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэл хотын иргэн бүр өөрөөсөө шалтгаалах эерэг бүхнийг түгээж, хоорондын зайгаа барьж, ариун цэврийг сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндэтгэлтэй хандвал бид коронавирусын эрсдлээс хамтдаа сэргийлж чадна хэмээн нийслэлийн Засаг дарга иргэддээ уриалж, хэллээ. Мөн хотын соёлыг түгээх, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх үүднээс нийслэлийн 173 хорооны 1300 гаруй хэсгийн ахлагчид шалгалтдаа тэнцэж, Олон нийтийн цагдаагийн үүргийг гүйцэтгэж байна. Эдгээр хүмүүс иргэдийг цагдаж, торгохдоо гол нь биш, харин иргэн таны аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа гэдгийг ойлгож хүлээж авч дэмжиж ажиллахыг хотын Захирагч хүслээ.
Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд хариуцлага, гүйцэтгэл, хяналт дутагдаж байна
Иргэдийн зүгээс нийслэлд ирүүлдэг гомдол саналуудын дунд барилга орон сууц нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барьж дуусаагүй, шаардлага хангахгүй барилгыг улсын комисс хүлээн авдаг нь аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироох уг үндэс болж байгаа тухай мэдээлэл цөөнгүй байдаг. Тиймээс иймэрхүү ноцтой зөрчилтэй барилгуудын судалгааг өнөөдрөөс гаргаж, улсын комиссын гишүүд болон буруутай ажилтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог болгохоор ажиллаж буйгаа хотын Захирагч мэдэгдлээ. Түүнчлэн зарим гүйцэтгэгч компаниуд шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэж, хангалтгүй байгааг сануулав. Явган хүний замыг шинэчлэхдээ чанартай, бат бөх, урт хугацаанд ашиглаж болохуйц материалаар хийж, хяналт тавьж ажиллах, хяналтыг чангатгах шаардлага байгаа юм. Хотын хийгдэж, гүйцэтгэж буй ажлуудад стандарт, чанарыг хангах ажиллах ёстой. Хариуцлага, гүйцэтгэл, хяналт дутагдаж байна. Олон жил ингэж хяналтгүй явж ирсэн учир богино хугацаанд засагдахад цаг хугацаа шаардлагатай хэдий ч бид хэдий чинээ хичээж чадна, төдий чинээ сайжруулж чадах юм. Тендер авсан нэрээр төсвийн хөрөнгийг завших, бараа материалаа “шахдаг” байдал их гардаг. Сонгионхайрхан дүүргийн 8, 9, 24 дүгээр хороонд хийгдсэн бизнес инкубатор төвийг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад авахаар хяналт, шалгалт хийхэд шаардлага хангахгүй материалаар барьж байгуулсан байсан. Дахиж хийх үүргийг өгөөд уг ажил ашиглалтад ороход бэлэн болоод явж байна. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд шаардлага, хяналтыг тавьсаар байх болно гэдгийг хотын Захирагч анхаарууллаа.
Сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны баазууд, буудал, саун, фитнесс клубуудын үйл ажиллагааг нээсэн. Үүнтэй холбоотойгоор сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх талаар иргэдээс олон санал хүсэлт ирсэн. Харин хотын Захирагч мэдээлэл хийх үеэрээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар бүх сургалтын төвийн үйл ажиллагааг ирэх 9 дүгээр сарын 1 хүртэл явуулахгүй байх тушаалыг гаргасан. Иймд тушаалтай холбогдуулан сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээгээгүй. Иргэдээс маш их санал, хүсэлт ирж байгаа учраас сургалтын төвүүдийг нээх асуудлыг холбогдох яамдуудтай ярилцаж байна” гэлээ.
Сэлбэ дэд төвийн 240 хүүхдийн цэцэрлэг, бизнес инкубатор төвийн барилгын ажил 90 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хэдийгээр коронавирусын энэ үед хөл хорио тавигдаагүй байгаа ч зам, дэд бүтцээ сайжруулах, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдийн асуудал орхигдоогүй. Гэр хороололд амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байж хот хөгжих учраас бид дэд бүтцийн ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж байна” хэмээлээ.
Ханын материалын дамжуулах станц ирэх тавдугаар сард ашиглалтад орсноор Хилчин хотхон, Баянхошуу, Жанцан орчмын 11 мянган айл өрхүүд төвлөрсөн шугамд холбогдох боломж үүсэж байна. Мөн тухайн орчмын гэр хорооллын айл өрхүүд өөр хоорондоо нэгдэж, газраа чөлөөлүүлж, орон сууцны дахин төлөвлөлтөд хамрагдах боломж бий болж байгаа юм. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд сервис центерийн төсөл хэрэгжиж, 280 айл хашаа байшиндаа халуун хүйтэн усанд холбогдохоос өнөөдрийн байдлаар 260 өрх холбогдоод байна. Түүнчлэн Сэлбэ дэд төвийн цахилгаан станц, тэр орчмын бүтээн байгуулалт, авто зам гүүрийн ажил үргэлжилж байна. Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 240 хүүхдийн цэцэрлэг, иргэдэд үйлчлэх бизнес инкубатор төвийн барилгын ажил 90 гаруй хувьтай баригдаж ирэх тавдугаар сарын 31 гэхэд ашиглалтад ороход бэлэн болоод байгаа юм. Энэ мэтчилэн бүтээн байгуулалтын ажил нийслэл хотод чамгүй өрнөж байгааг хотын Захирагч иргэдэд мэдээллээ. Ажил гүйцэтгэж буй компаниуд чанаргүй, стандартын шаардлага хангахгүй ажиллаж байгааг шүүмжлээд, үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллах үүргийг өгч байгааг ч санууллаа.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс