Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт буурсан гэв

 In Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр нар хийлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт дөрвөн өрхийн есөн иргэн (хоёр хүүхэд, долоон насанд хүрэгчид) хандаж, зургаан иргэнд гэрт нь зөвлөгөө өгч, гурван иргэн эмчилгээ хийлгэсэн. Өнөөдрийн 06:00 цагийн байдлаар эмнэлэгт хоёр насанд хүрэгсэд хэвтэн эмчлүүлж байна. Аравдугаар сарын 02-24-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 240 удаагийн дуудлагаар 580 иргэнд (250 хүүхэд, 330 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үзүүлсэн. Дуудлагын тоо сүүлийн өдрүүдэд харьцангуйгаар буурч байна. Мөн эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн тоо буурсан” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн шөнийн байдлаар Улаанбаатар хотын товчоонуудаар орж ирж байгаа автомашинуудад хяналт шалгалт хийхэд Өлзийт хорооллын нэг товчоонд 2 тонн түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлж, машиныг буцаасан. Мөн Тавантолгойн замд 5 тонн, Өлзийт-1 товчоонд долоон шуудай, Эмээлтэд таван шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлүүдийг илрүүлэн, буцаах арга хэмжээ авсан. Өлзийт-1 товчоогоор сайжруулсан шахмал түлш хотоос гаргахыг завдсан. Энэ үйлдлийн тухайн иргэнд анхааруулаад буцаах арга хэмжээ авлаа. Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийсэн. Сүхбаатар дүүргийн дугаар хорооны айл Налайхаас авсан 35 тонн нүүрс нөөцлөн түлж байсан. 2018 оны хоёрдугаар сард авсан нүүрс гэж айл нь мэдээлсэн. Зууханд нь хяналт шалгалт хийхэд түүхий нүүрс түлээгүй байсан. Тиймээс уг нүүрсийг түгээхгүй, хэрэглэхгүй байх анхааруулга өгч, зохих байгууллагад хандаж, түүхий нүүрсээ сайжруулсан түлшээр солих арга хэмээн авах анхааруулан өглөө” гэсэн юм.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр “Сүүлийн өдрүүдэд Эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжаар болон өөрсдөө ирж хандаж байгаа иргэдийн тоо буурсан. Эрүүл мэндийн газраас иргэд рүү чиглэсэн сургалт сурталчилгааныхаа ажлыг тогтмол үргэлжлүүлж байна. Эмнэлэгт хэвтээд гарсан иргэдийг өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад байлгаж байгаа. Одоогийн байдлаар биеийн байдалд нь ямар нэгэн өөрчлөлт орсон иргэн байхгүй байна. Агаарын бохирдол буурсантай холбоотойгоор томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь 3.7 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлтэй байгаа бол хүүхдийн орны эзлэх хувь нь 5.7 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буурсан үзүүлэлттэй байна” хэмээв.

“Агаарын чанарын 2019 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд хэмжигдсэн мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад РМ 10 хэмжээтэй тоосонцор 24 хувиар, РМ 2.5 тоосонцор 25 хувиар буурсан байна” гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээлэв.

Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Цаг үеийн байдлын мэдээллийг долоо хоногт хоёр удаа тогтмол хүргэж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд хүрч байгаа мэдээлэл сайн байгаа нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд үүргээ сайн биелүүлсний ач тус гэж харж байна. Өнгөрсөн долоо хоногт бид Мэдээлэл, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо нь дээр Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, сайтын удирдлагууд, үүрэн телефоны удирдлагууд болон холбогдох газрын төлөөллүүдтэй уулзаж, олон нийтийг хамарсан агаарын бохирдлыг бууруулах ажилд хамтарч ажиллан, сайжруулсан түлш түлэх, галлах зөвлөмжийг иргэдэд хүргэж өгөөч гэсэн хүсэлтийг хүргэсэн. Энэ дагуу манай хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг тогтмол сайн гаргаж байгаад талархалтай байна” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Recent Posts
Холбоо барих

Яг одоо онлайн туслах байхгүй байна. Зурвас үлдээнэ үү бид тун удахгүй холбогдох болно

Not readable? Change text. captcha txt