Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган боллоо
АНДЦХБ-ын 40 жилийн ойг тохиолдуулан Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган 2019 оны 6 дугаар сарын 25-аас 26-ны өдрүүдэд Сингапур Улсад болж өнгөрлөө.
Чуулганд АНДЦХБ-ын 32 гишүүн орны болон салбар байгууллагуудын төлөөлөгчид хуран цуглаж, 2014 онд Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан ухаалаг тоон эдийн засгийг хөгжүүлэх Бруней Даруссаламын тунхаглал”-ын 5 жилийн хугацаанд гаргасан ололт амжилтыг хэлэлцэж, улмаар бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн ирэх 5 жилийн алсын харааг тодорхойлсон “Ази, Номхон далайн бүс нутагт нэгдмэл тоон ирээдүйг хамтдаа бүтээх Сингапурын тунхаглал”-ыг баталлаа.
Сингапурын тунхаглалд дараах 5 стратегийн зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд:
- Дижитал шилжилт буюу мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэх, улмаар нийгэм, эдийн засгийн өсөлт, инноваци, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;
- Дижитал инноваци, бүтээлч байдал буюу дэвшилтэт технологи, дижитал бизнес эрхлэлтийг дэмжсэн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны технологийн олон улсын стандартыг нэвтрүүлэх замаар дижитал инноваци, бүтээлч байдлыг хөгжүүлэх таатай орчныг бий болгох;
- Дижитал нийгэм буюу мэдээлэл, харилцаа холбооны найдвартай дэд бүтцийг бий болгох, бодлого, зохицуулалтыг бүрдүүлэх замаар мэдээлэл, харилцаа холбоог бүх нийтэд, тэр дундаа алслагдсан орон нутгийн болон үйлчилгээ хүрээгүй хүн ам, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Дижитал итгэлцэл буюу иргэдийн цахим харилцаанд итгэлтэйгээр оролцох, мэдээллийг цахимаар нээлттэй хуваалцах боломжийг бүрдүүлсэн, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал болон мэдээллийн урсгалын чөлөөтэй, найдвартай байдлыг хангасан мэдээллийн тогтолцоог бий болгох;
- Дижитал чадавх бэхжүүлэлт, хамтын ажиллагаа буюу зөвхөн мэдээлэл харилцаа холбооны салбарт бус бусад салбарт ч хамтран ажиллах чадамжийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн тоон бичиг үсгийн боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх.
Чуулганд Ази, Номхон далайн бүсийн мэдээлэл, харилцаа холбооны сайд, төлөөлөгчдөөс гадна НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй салбарын олон улсын байгууллагын болон хувийн хэвшлийн төлөөллүүд, нийт 200 гаруй хүмүүс оролцлоо.
Чуулганы хүрээнд Сингапур Улсын Засгийн газраас “Ухаалаг үндэстэн, инноваци” сэдвийн дор дээд хэмжээний уулзалт болон дэвшилтэт технологи, инновацийн үзэсгэлэн зохион байгуулж, төр, хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгчдийг хамруулсан байна.
Чуулганд Монгол Улсыг төлөөлж тус газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг тэргүүтэй албаны хүмүүс оролцов. Тус газрын дарга Б.Чинбат “Дижитал шилжилт, дижитал инноваци ба бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилтын талаарх мэдээллийг танилцуулж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Ази, Номхон далайн орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны сайд нарын чуулган”-ы төлөөлөгчдөд хандсан 40 жилийн ойн баярын мэндчилгээг уламжлан, талархал гардууллаа.