Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Улаанбаатар хотын телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журам” батлах тухай байв.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/667 дугаар захирамжаар телехяналтын нэгдсэн системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах журмыг батлуулан ажилласан. Гэвч нутгийн захиргааны байгууллагууд нь тухайн журмын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа тул өнөөдрийг хүртэл стандартын бус хэрэгцээ шаардлага хангахгүй камер суурилуулах, засвар үйлчилгээний зардлыг зориулалтын дагуу ашиглахгүй, нэгдсэн төлөвлөлт, бүртгэл байхгүй зэрэг дутагдал байнга давтагдан гарсаар байна. Иймд энэхүү журамд дутагдаад буй байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хариуцлага алдсан албан хаагчдын хүлээх хариуцлагыг тодорхой болгон, камертай холбоотой техникийн тодорхойлолтыг хуучин журмаас хасч тодорхойлолт гаргах ажлыг тухайн байгууллагын онцлог, шийдэлд тааруулж гаргахаар тусгасан хэмээн нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат танилцуулсан юм. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож хойшлууллаа.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай зөвлөлийн гишүүдэд хүргэлээ. Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хамбын овооны “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-ын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай юм. Зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцэж, нийслэлийн нутаг дэвсгэрт үүнтэй адил хэлмэгдүүлэлт болсон газрууд цөөнгүй байгаа тул цаашид холбогдох мэргэжлийн байгууллагуудаас дэмжлэг авч, судалгаа шинжилгээг нарийвчлан хийлгэж, тэр орчимд зөвшөөрөлгүй буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хашаалах асуудлыг судалж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.
“Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв
Зөвлөлийн хуралдаанд “Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Нийслэлийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах, Шинэ хот /Аэросити/-ыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан УИХ-аар шийдвэрлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг даргад даалгасан. Тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Шинэ хот /Аэросити/-ын хилийн цэсийг 25.282 га талбайгаар тогтоох саналыг боловсруулан зөвлөлийн хуралдаанд танилцуулж байгаагаа уламжлав. Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, нэмэлт оруулсан санал болон мэдээллүүдийг дахин нягталж нэгтгэн, дараагийн зөвлөлийн хуралдаанаар оруулж, эцэслэн хэлэлцэхээр тогтлоо.
Зургаан дүүргийн 30 байршлыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтооно
Мөн хуралдаанд “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. Тэрбээр “Нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалахад таатай орчинг бүрдүүлж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн газруудыг сонгосон. Судалгаанаас бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтээр ашиглаж буй 30 байршлыг эхний ээлжинд тогтоон энэ байршлуудыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоож, хамгаалалтад авах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт, арчилгааг дүүргүүдийн Засаг дарга нарт гэрээний үндсэн дээр хариуцуулах, газрын мэдээллийн санд нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар бүртгэх саналтай байна” хэмээн уламжилж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотод одоогоор мэдээлэл нь тодорхой болсон энэ 30 байршлаас өөр дахин хэчнээн газрыг тусгай хэрэгцээний нийтийн эдэлбэр газарт хамруулах боломжтойг судалж, цаашид хамруулах боломжтой ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн мэдээллийг нягтлан гаргаж, үе шаттайгаар нэмээд явах шаардлагатай” гэдгийг онцолж хэлсэн юм.
Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн нийт 30 байршлын нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоох асуудлыг дэмжиж, НИТХ-д оруулахаар болов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс