Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, байгууллага аж ахуйн нэгжээр орчны 50 метр дахь тохижилт ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлыг хийлгэн, хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс албан даалгаврын хэрэгжилтийг хангах талаар есөн дүүргийн хэмжээнд 4140 байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, 3343 байгууллага аж ахуйн нэгжид хариуцах талбайг зурагжуулан өгч, 405 байгууллага аж ахуйн нэгжээр орчны тохижилт ногоон байгууламжийн ажлыг хийлгүүлсэн. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлсөн 15 байршилд явган зам барих тохижилтын ажлын тоо хэмжээ, судалгааг гаргаж байна. НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хүрээнд Барилга байгууламжийн гадна хашаанд тавигдах шаардлагын загварыг боловсруулан холбогдох байгууллагад хүргэж ажиллалаа” гэв.
“Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21.218 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 210 нэгж буюу 1.0 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргүүд тодорхой хувиар буусан. Мөн энэ хугацаанд нийслэлд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг 19 зуслангийн үйл ажиллагааг шалган, зааварчилж дүгнэлт өгч, найман газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг энэ оны долоодугаар сард тооцохоор ажиллаж байна” гэж нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж танилцууллаа.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2878 дуудлага мэдээлэл хүлээн авч 713 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.98 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв.
“Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 90 удаагийн дуудлага хүлээн авч, объектын гал түймрийн 81, эрэн хайх, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 60 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хүүхдийн зуслангуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/496 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийн зусланд ая тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлэх, галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 19 зусланг хамруулан зохион байгуулсан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 26.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэлийг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ногоон бүсийн амуудад эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх, ил гал гаргахгүй, ногоон бүсэд зорчихгүй байх талаар сэрэмжлүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцуулсан юм.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас хотын Захирагч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, сургууль, цэцэрлэг барих, засвар болон өргөтгөл шинэчлэл хийх худалдан авах ажиллагааны явц ямар байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу НЗДТГ-т болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах”-ыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх ажиллах, “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2019” форум зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс