Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ
Ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 38,232 хүүхэд элсэнэ.
Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44 дүгээр тушаалыг үндэслэн зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 245 ерөнхий боловсролын сургууль байгаагаас Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-р ангид элсэгчдийн бүртгэлийн үйл ажиллагааг тухайн сургууль дээр нь 2019 оны 05 дугаар сарын 13-27-ны өдрүүдэд уламжлалт аргаар тус тус зохион байгуулна.
Уламжлалтаар бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
- Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хвь болон хуулбар
- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлтээр материал шаардаж болно.
Энэ хичээлийн жилийн хувьд цахимаар зөвхөн Чингэлтэй дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 15 сургуульд элсэн орох 1-р ангийн сурагчдын бүртгэл, элсэлтийг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн https://parent.esis.edu.mn системээр зохион байгуулах юм.
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуульд элсэгчдийн хувьд цахимаар илгээсэн хүсэлтийг Сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч шийдвэрлээд хариуг эцэг эх, асран хамгаалагчдад бүртгүүлсэн https://parent.esis.edu.mn систем болон утсаар мэдэгдэнэ.
Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэдийн хувьд 2019 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд хамран сургах тойргийн сургууль дээрээ эцэг эх, асран хамгаалагч нар нь өөрийн биеэр очиж бүртгүүлэхийг анхаарна уу.
Нэгдүгээр ангид орох 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.
Харин 5 настай буюу 2014 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэж Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.