Цэцэрлэгийн бүртгэлийн систем, tsetserleg UB аппликэйшн
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2 настай хүүхдийн бүртгэл, элсэлтийг цахим системээр зохион байгуулж байсан.
Уг цахим систем нэвтэрснээр эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдэнд урт дараалал үүсгэн, олон хоногоор хонож бүртгүүлдэг байдлыг халж, бүртгүүлэхэд эцэг эхчүүдээс бичиг баримт шаардахыг зогсоож, элсэлттэй холбоотой цэцэрлэгүүдэд үүсдэг ажлын ачааллыг бууруулсан зэрэг тулгамдсан асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэсэн юм. Мөн орон зайн мэдээллийн системд суурилсан дундын мэдээллийн сантай холбосноор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн байршил, сургуулийн өмнөх насны хүүхдийн бүртгэл, элсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тухайн цэцэрлэгийн хүчин чадал, боломж бололцоог тодорхойлох, цаашид эрэлт нийлүүлэлтийг тооцоолон анализ хийх, мэдээллийн нэгдсэн сантай болсон.
Энэ жилийн хувьд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт бүртгүүлэх 2-5 насны хүүхдүүдийн хүсэлтийг цахимаар бүртгэж, элсэлтийг зохион байгуулан явуулна. Мөн түүнчлэн цэцэрлэгт явж буй 3-5 насны хуучин хүүхдүүдийн хувьд эцэг эхчүүд нь цэцэрлэг дээр нь очиж баталгаажуулдаг байдлыг цахимаар шийдвэрлэнэ.
2018 онд шинээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан гар утасны аппликэйшныг хөгжүүлж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. Тус аппликэйшнээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цэцэрлэгийн мэдээлэл, танилцуулга, өдөр тутмын хоолны цэсний мэдээлэл, багшийн заасан дуу, шүлгийг контент хэлбэрээр харах боломжтой болох юм.
Эцэг эхчүүдийн хувьд хувийн цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн талаарх мэдээллийг нэгдсэн байдлаар найдвартай эх үүсвэрээс авах боломж хомс байдаг төрийн бус байгууллагуудын хүүхэд харах үйлчилгээний төвийн дэлгэрэнгүй мэдээллийг багтаасан аппликэйшн хийгдэх юм.