Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын “UB ERP” дотоод удирдлагын систем
Энэхүү төслийн зорилго нь мэдээллийн технологийн оновчтой шийдлийг ашиглан төрийн байгууллагуудын уламжлалт цаасан суурьт үйл ажиллагаанд дижитал шилжилт хийх замаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлэн, байгууллага, нэгжүүдийн уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулж, нэгдсэн удирдлагаар хангахад оршино.
“UB ERP” дотоод удирдлагын систем нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, инновацийг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий нэгдсэн удирдлага хяналттай, уян хатан, цогц систем юм. Тус систем нь дараах дэд модулиас бүрдэнэ. Үүнд:
- Хүний нөөцийн удирдлагын модуль
- Цаг бүртгэлийн модуль
- Ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгаврын модуль
- Олон нийтийн харилцааны модуль
- Мэдэгдлийн системийн модуль
- Тайлан судалгааны модуль
- Өргөдөл, гомдлын модуль
- Үйл явдлын модуль
- Үндсэн хөрөнгө бүртгэлийн модуль
- ННЗБ-уудад хийгдсэн бусад системүүдтэй уялдан ажиллах API
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж буй www.eDoc, www.open.ulaanbaatar.mn, www.monitoring.ub.gov.mn системүүдийг ERP системд нэг логиноор холбох сервисүүдийг боловсруулж, туршилтын шатандаа явагдаж байна.
Үндэсний цахим мэдээлэл солилцооны Хур системтэй интеграц хийх судалгааг хийн, холболт хийх ажил хийгдэж байна.
Хүний нөөцийн удирдлагын модуль: ERP систем болон түүнтэй холбогдон ажиллах бусад дэд системүүдийг хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн удирдлагаар хангах ба хүний нөөцтэй холбоотой бүх үйл ажиллагааг зохион байгуулах, гүйцэтгэх, байгууллагын удирдлагыг бодит цаг хугацааны тайлан, мэдээллээр шуурхай хангах, оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих дэд систем юм.
Ажлын хэсэг, хурал, уулзалт, үүрэг даалгаврын модуль: Ажлын хэсэг хурал, уулзалт зохион байгуулах, үүрэг даалгавар бүртгэх, биелэлтийг тайлагнах үндсэн зориулалттай бөгөөд ажлын хэсгийн хурал, нийслэлийн удирдах албан хаагчдын шуурхай хуралдаан гэх мэт бүх төрлийн хурлыг зохион байгуулах, оролцогчдод хурлын товыг шуурхай хүргэх, үүрэг даалгавар үүсгэх, хариуцах байгууллага, албан хаагчдад хуваарилах, хурал, уулзалтын тэмдэглэл, шийдвэрийг хөтөлж, бүх оролцогчдыг мэдээллээр шуурхай, тогтмол хангаж, ажлын гүйцэтгэлийг бүртгэж, хяналт тавих боломжтой.
Цаг бүртгэлийн модуль: Байгууллагын онцлог, ажилтны ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн гэрээний нөхцөл зэргээс хамаарч, бүтэн цагийн, хагас цагийн, ээлжийн, гэрээт ажлын цагийн хуваариар тохиргоо хийж, бүх төрлийн цаг бүртгэлийн төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжуудтай бөгөөд байгууллагын удирдлага болон албан хаагчдыг ирцийн тайлан, судалгааны бодит цаг хугацааны мэдээллээр хангах болно.
Олон нийтийн харилцааны модуль: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид албан имэйл хаягаа холбон ашиглаж, байгууллагын дотоод сүлжээнд зурвас илгээх, хүлээн авах, файл дамжуулах, хуваалцах боломжтой.
Мэдэгдлийн системийн модуль: Системийн хэрэглэгчид шинэ захидал, зурвас, сануулга, үүрэг даалгавар, хурал, уулзалт, ажлын хэсгийн мэдэгдэл ирсэн тухай болон “UB ERP” системтэй холбогдон ажиллаж буй бусад системд ирсэн аливаа шинэ мэдээлэл, статус өөрчлөлтүүдийг мэдэгдэл /notification, alarm/, имэйл хэлбэрээр харуулж, хэрэглэгчид цаг алдалгүй мэдэгдэх боломжийг олгосон.
Тайлан судалгааны модуль: Бүх төрлийн тайлан мэдээг бодит цаг хугацаанд болон нөхөн гаргах боломжтой. Тайланг график болон хүснэгт хэлбэрээр боловсруулах бөгөөд Тамгын газар, агентлаг дүүрэг болон газар, хэлтсээр нэгтгэсэн дэлгэрэнгүй байдлаар болон нарийвчилсан байдлаар шүүж харна.
Өргөдөл, гомдлын модуль: Иргэд, ААН байгууллагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад гаргах өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг өөрийн биеэр, бичгээр, гар утсаар, интернетээр дамжуулан авах бөгөөд үйлчлүүлэгч өөрийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг цахим хэлбэрээр бүрэн хянах боломжтой. Өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авагч байгууллагууд тухайн хүсэлтийг нэгдсэн мэдээллийн санд оруулж, тодорхой шатны байгууллага мэргэжилтэнд шилжүүлж, хянан шийдвэрлэх зэрэг бүх үйл ажиллагааг энэхүү модульд цогцоор нь шийдвэрлэсэн.
Үйл явдлын модуль: Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас дотоодын болон олон нийтийг хамарсан сургалт, тэмцээн уралдаан, баярын арга хэмжээ гэх мэт үйл явдлыг төлөвлөх, мэдээлэл, зарлал үүсгэх, нийтлэх, хүргэх боломжтой.
Үндсэн хөрөнгө бүртгэлийн модуль: Байгууллагын албан хаагчдын нэр дээр бүртгэх эд хөрөнгийн бүртгэлийг хүний нөөцийн системтэй уялдуулан холбож, үндсэн хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөний бүртгэлийг хөтлөх боломжтой.
ННЗБ-уудад хийгдсэн бусад системүүдтэй уялдан ажиллах API: “UB ERP” систем нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ашиглагдаж буй бусад системүүдтэй холбогдон ажиллах API гаргасан. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийг бусад системүүдэд ашиглах хамгаалагдсан, сервисүүдийг хөгжүүлсэн бөгөөд www.ulaanbaatar.mn домэйн нэрний хүрээнд нэгдсэн нэг нэвтрэлт, хандалт хийх боломжоор хангасан.