ХХМТГ-ын дарга Б.Чинбат Мэдээлэл, Xарилцаа холбооны салбарын 97 жилийн ойн баярын хурлыг нээж үг хэллээ
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 97 жилийн ойн баярын хурлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нээж, салбарын нийт ажилтан албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Эрхэм хүндэт Холбоочид оо,
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нараа
Нар хур тэгширсэн, хур бороотой энэ өдрүүдэд Та бүхнийг дэнж хотойтол сайхан наадсан гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хуралд оролцож буй нийт инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгч багш, ахмадууддаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамт олон болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Өгөөдэй хааны зарлигаар Монголын эзэнт гүрэн одоогоос 800 шахам жилийн тэртээ морин өртөөг бий болгож орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн суурийг дэлхийд анх тавьсан нь үе үеийн холбоочдын бүтээлч санаачлага, нөр их хөдөлмөрийн үр дүнд эдүгээ 97 дахь жилийн өндөрлөгт хүрээд байна. Ардын хувьсгалын түүхтэй нас чацуу энэ салбарын түүхийг бүтээлцэж дэлхийн хөгжилтэй эн зэрэгцүүлж чадсан Та бүхнийхээ хүч хөдөлмөр, авьяас чадвар, сэтгэл оюуныг бахдан хэлэхэд таатай байна. Ардын хувьсгал ялмагц ардын нам, Засгийн газраас төр, нийгэм, эдийн засгийн хөгжилд харилцаа холбоо хамгийн чухал ач холбогдолтой болохыг анхааран үзэж юуны өмнө Монголд байсан харилцаа холбооны хэрэгсэлийг улсын өмч болгож тэдгээрийн үйл ажиллагааг нэгтгэн зангидаж удирдан явуулах “Шуудан цахилгаан мэдээний ерөнхий товчоо”-г 1921 оны 7 дугаар сарын 19- нд байгуулжээ.
“Их Монгол” гүрэн түүхийн тодорхой нэгэн зурвас үед сэргэн мандаж явахдаа өөрийн засаглалаа тогтоосон хязгаар нутгуудад Их эзэн хааныхаа захирамж, тушаал шийдвэрээ шуурхай хүргэх, хоорондоо мэдээлэл солилцохдоо сайн зохион байгуулалттай өртөө улааны албаны тусламжтайгаар хэрэгжүүлдэг шуудан, мэдээлэл дамжуулах төрийн албатай байсан өнө эртний баялаг түүхтэй улс билээ.
Асар хурдацтай хөгжиж байгаа мэдээллийн техник, технологийн өрсөлдөөнд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах учиртай энэхүү цаг үед Монголчууд бид мэдээллийн технологи, харилцаа холбооны давуу талыг амьдралынхаа хэв маяг болгож дэлхийн улс орнуудтай уралдан шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээнээс эхлээд бүхий л үйлчилгээг хүргэхээр ажиллаж буй энэ цагийн төлөөллүүд Та бүхэн гэдгийг дуулгахад таатай байна.
Нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд ХХМТ-ийг бүтээлчээр нэвтрүүлэх, төрийн удирдлагын үр нөлөө, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, мэдээллийн найдвартай тогтолцоо бий болгох, мэдээлэлжсэн нийгмийг байгуулах, мэдээллийн хоцрогдлыг багасгах, ХХМТ-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, мэдээлэл хүртэх тэгш бус байдал, тоон ялгааг арилгах, эрх зүйн тааламжтай орчныг бүрдүүлэх талаар анхаарч ажиллаж байна.
Засгийн газраас мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний тэгш бус байдлыг багасгах тал дээр ихээхэн ач холбогдол өгч ажиллаж байгаа билээ.
УИХ-аас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 50-аас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цахим засгийг бодитой хэрэгжүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оныг “Хууль эрхзүйн шинэтгэлийн жил” болгох зарласан билээ. Энэхүү ажлын хүрээнд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Шуудангийн тухай хуулиудын нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлгийг салбарын хэмжээнд зохион байгуулж, Та бүхнээс гаргасан саналыг тусган, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны салбарыг 2025 он хүртэл баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Цахим засаг, Өгөгдөл хамгаалах тухай, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажил дуусах шатандаа явж байна.
Хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар салбарын хууль эрхзүйн орчин сайжирч, салбарт үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд таатай нөхцөл бий болно гэж үзэж байна.
Түүнчлэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд Захиргааны байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад цахим хэлбэрээр шуурхай хүргэх зорилгоор “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”-ыг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 159 дүгээр тогтоолоор батлууллаа.
“Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам” болон газрын даргын 2016 оны A/61 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”-тэй уялдуулан Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг хөгжүүлэн, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр системийн нээлтийг хийсэн. Энэхүү системийг нэвтрүүлснээр төр, хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний чанар сайжирч, түргэн, шуурхай, хүндрэл чирэгдэлгүй, авлигаас ангид бүрэн цахим орчинд иргэд, байгууллагууд үйлчилгээ авах боломж бодитоор бүрдэж байна.
Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмын төслийг боловсруулж Засгийн газрын 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон тус газрын даргын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, улсын хэмжээнд төрийн байгууллагууд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй програм хангамжийн талаарх судалгаа хийж, цахим хэлбэрээр архив албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах програм хангамжийн нийтлэг шаардлагыг боловсруулаад байна. Мөн цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нэгдсэн системийн үндсэн архитектур, шаардлагыг тодорхойллоо.
Төрийн үйлчилгээг цахим машин ашиглан иргэдэд хүргэхэд мөрдөх журмыг шинэчлэн боловсруулж газрын даргын тушаалаар “Төрийн үйлчилгээний цахим машины ашиглалт үйлчилгээний журам” болгон батлууллаа. Уг журмын дагуу ЭМНДЕГ, ОӨУБЕГ, Монголбанк, Автотээврийн үндэсний төвийн нэр бүхий 9 үйлчилгээг ТҮЦ машины үйлчилгээнд нэмэхээр холбогдох зөвшөөрлийг олгож, ТҮЦ машины системд холбоод байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэний үнэмлэхэд тоон гарын үсгийг бичих ажлын хүрээнд Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэний цахим үнэмлэхэд 2048 битийн тоон гарын үсгийн гэрчилгээ суулгах туршилтын ажлыг амжилттай зохион байгуулсан. Улмаар иргэний цахим үнэмлэхэд тоон гарын үсэг суулгах бэлтгэлийг бүрэн хангаж иргэний үнэмлэхэд тоон гарын үсэг суулгаж эхлээд байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 170 дугаар захирамжаар мэдээлэл, харилцаа холбооны салбарын хууль, тогтоомж, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдамжаар хангах үүрэг бүхий “Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байна.
Энэ жилийн хувьд тус газраас төрийн үйлчилгээг иргэнд ойртуулж, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бүрдүүлэн зохион байгуулах, иргэдийн санал, хүсэлтийг төрийн байгууллагууд шуурхай шийдвэрлэх боломж бий болгох, үүнийгээ мэдээллийн технологийн тусламжтайгаар хэрэгжүүлэх ажлыг гол зорилгоо болгон 2018 оныг “Цахим шилжилт цаасгүй төрийн үйлчилгээ”-ний жил болгон зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох зорилго, зорилтоо тодорхойлоод байна.
Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, байгууллага хоорондын өгөгдөл, мэдээлэл солилцох ажиллагааг технологийн тусламжтай нэгтгэн зохион байгуулах замаар төрийн үйл ажиллагаанд технологид суурилсан шинэчлэл, дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ үйл ажиллагааг бид дижитал трансформэйшн буюу цахим шилжилт гэж нэрлэж байгаа. Энэ процесс нь технологийн талын шийдэл байхаас гадна төрийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаанд суурилсан, бас дээр нь нэгдсэн удирдлага, зохион байгуулалт шаардсан цогц ажиллагаа. Технологийн талаас нь бид үйлчилгээнд магистрал архитектур буюу “enterprise service bus” технологид тулгуурлан төрийн байгууллагууд хоорондоо цахим хэлбэрээр өгөгдөл, мэдээллээ солилцох, ингэснээр төрийн нэгдсэн нэг цонхны үйлчилгээний хэлбэрийг бий болгох зорилт тавиад байна.
Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар онцолсон байдаг. Энэ тэргүүлэх чиглэлд хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, 3D принтинг, виртуал орчин, робот зэргийг чиглэлийг нэрлэсэн. Эдгээр технологийн тусламжтай аливаа үйлчилгээний хэлбэр, хэв маяг, цаашлаад байгууллага, хүмүүсийн харилцаа, бизнесийн орчин бүхэлдээ өөрчлөгдөнө гэсэн төсөөллийг бий болгох юм. ОХУ, Казахстан, Узбекистан, Азербайжан, Кыргызстан зэрэг улс шинэчлэлээ эхлүүлж, иргэдэд цахим нэг цонхоор үйлчлэх хэлбэрийг аль хэдийнээ өрнүүлчихсэн байна. Эстони улс харьцангуй эрт орсон, тэр хэмжээгээр дэлхийд цахим шилжилтээр тэргүүлэх улсын хэмжээнд очжээ. Тиймээс дэлхий нийтийг хамарч, олон улсын чиг хандлага болж байгаа энэ үйл явцаас Монгол Улс хоцрох ёсгүй. Цахим шилжилт хийснээр төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог хэмнэж, үйлчилгээний зардал буурна. Мөн төрийн үйлчилгээнд зарцуулах иргэний цагийг хэмнэж эдийн засгийн хувьд ач холбогдолтой байх тооцоо, судалгааг хийсэн байгаа. Дээрх өөрчлөлтийн энэхүү процессыг төр өөрөөсөө эхлэх хэрэгтэй.
Энэхүү үсрэнгүй хөгжлийг бий болгохд хүчин зүтгэж залуу халуун насаа зориулсан ахмадууд болон одоо ажиллаж байгаа харилцаа холбоо, мэдээллийн технологийн ажилтан, албан хаагчид, хэрэглэгч, үйлчлүүлэгч Та бүхэнд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Бид бас нэгэн түүхэн нэгэн томоохон шийдвэр гаргасныг дуулгахад таатай байна. Монголын төрийн өмчит ууган компанийн нэг “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн БНСУ-ын “Кореа Телеком” корпорацийн эзэмшиж байсан 40.0 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр байлаа. Үүний үр дүнд “Монголын цахилгаан холбоо” ХК 100 хувь Монгол Улсын мэдэлд бүрэн шилжлээ.
Түүнчлэн Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ихээхэн анхаарч, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн шуудан холбооны байгууллага, Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллага, Ази, номхон далайн шуудан холбооны байгууллага, Ази, номхон далайн сансрын холбооны байгууллага, Интерспутник, Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академи, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, хэтийн төлөвлөлтийн яам, БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институци зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн Ази номхон далайн бүсийн сансрын холбооны байгууллагын Удирдах зөвлөлийг 2017-2019 онд Монгол Улс удирдан ажиллахаар сонгогдон ажиллах болсныг мөн энд хэлэхэд таатай байна.
Монгол Улсад Интернэтийн үйлчилгээг ижил, үнэ тарифаар хүргэх нөхцөлийг бүрдүүлж, орон нутгийн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар холбогдох арга хэмжээ авч, интернэт хэрэглэгчийн тоо 2.5 сая, үүрэн холбооны хэрэглэгчийн тоо давхардсан тоогоор 5.56 сая, ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо өмнөх оноос 8.5 хувиар өсөж, 2 саяд хүрч мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж байгаа талаар энэхүү индэр дээрээс дуулгахад таатай байна.
Цаашид бид Цахим засгийн тухай хууль, Өгөгдөл хамгаалах тухай хуулиудыг боловсруулан батлуулах, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит урсгал дамжуулах үйлчилгээний талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл болон IPv6-д шилжих бодлогын чиглэлийг тодорхойлж хэрэгжүүлэх, Монгол Улсын мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний баримтлах бодлого, нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, Өргөн нэвтрүүлгийг орон нутагт дамжуулах бие даасан сүлжээ байгуулах, шуудангийн салбарт мэдээллийн технологид суурилсан цахим худалдаа болон бусад нэмэлт үйлчилгээг хөгжүүлэх зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 100 жилийн ой 2021 онд тохиож байгаа бөгөөд бэлтгэлийг хангах үүднээс тус газрын даргын тушаалаар ажлын хэсгийг байгуулан, төлөвлөгөөний төслийг боловсруулан, байгууллагуудаас санал авч байгаад Та бүхнийг идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэндээ Орчин цагийн Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 97 жилийн баярын ойн баярын мэндийг хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ингээд Хурлын үйл ажиллагаа нээснийг үүгээр мэдэгдье.
Анхаарал хандуулсанд талархлаа илэрхийлье.