Д.Энхцэцэг: Төрийн үйлчилгээ үзүүлдэг ТҮЦ машин ашиглалтаас гарахгүй
УИХ-аас Улсын бүртгэлийн багц хуулийг баталсан билээ. Хууль шинэчлэгдснээр Төрийн үйлчилгээ үзүүлэгч эрх бүхий байгууллагаас иргэдэд хүргэх үйлчилгээг хөнгөвчилж байгаа юм. Хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, Төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь тухайн иргэнээс шаардагдах лавлагааг хурууны хээг нь уншуулаад гаргах юм байна.
Ингэснээр ТҮЦ машинаас лавлагаа ав гэж шаардахгүй, иргэдийг нааш цааш нь явуулахгүй хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа аж.
Харин төрийн үйлчилгээ үзүүлдэг ТҮЦ машин ажилладагаараа ажиллана гэдгийг УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэг хэллээ.
Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа ТҮЦ машиныг ашиглахгүй болно гэдэг нь буруу мэдээлэл гэдгийг тэрбээр анхаарууллаа.
Төрийн үйлчилгээ үзүүлж буй эрх бүхий байгууллага нь тухайн иргэнээс шаардагдах лавлагааг гаргахдаа “Хур” системийг ашиглах юм байна.
Засгийн газрын ХМОНХХ-ийн тайлбар:
ХУР систем нэвтрүүлж нааш цааш хайж явах, зардал болдог асуудлыг шуурхайлж байгаа. Хурууны хээгээрээ бүх баримтаа авдаг болж байна. Жишээ нь цалингийн зээл авахдаа бүрдүүлдэг материал 2 дахин буурч байна. Үүрэн холбооны компаниудад иргэн очоод л хурууны хээгээрээ бүх үйлчилгээ авчихна гэх мэт хувийн хэвшил ч хамрагдана. ТҮЦ машин ч ашиглагдана.
Эх сурвалж: ikon.mn